Цагаан олимп нээлтээ хийлээ

Хүн төрөлхтөний эв найрамдлын наадам болсон өвлийн олимп нээлтээ хийлээ. Хоёрдугаар сарын 23-ныг хүртэл ОХУ-ын Сочи хотноо үргэлжлэх 22 дахь удаагийн өвлийн олимпийн нээлт үнэхээр гайхалтай болсон гэдэгтэй бүгд санал нийлэх байх аа. Оросууд өөрийн үндэсний уламжлалыг өвөрмөцөөр шингээсэн найруулга бүхий нээлтийн ажилагаа нь гэрлийн шоу, хөгжим, урлагийн оддын гала тоглолт аргагүй л их гүрний нүүр царайг харуулж чадсан гэхэд болно.

Олимпийн наадмын гол онцлогийг илтгэсэн хамгийн сэтгэл догдлуулсан цаг мөч бол мэдээж бамбар асаах. Хаанахын хэдэн оны олимп бамбараа яаж асаасан нь тухайн олимпийг эргэн дурсах гол дурсамж болдог билээ. Тэгвэл энэ удаа ОХУ үе үеийн шилдгийн шилдэг тамирчдаараа гайхуулсаар бамбараа асаан тэнгэрт цойлуулсан юм.Алдарт теннисчин Мария Шарапова, хөнгөн атлетикийн од Елена Исинбаева, домогт Александр Карелин нарын гараар бамбар дамжсаар эцсийн мөчид хуучнаар ЗХУ-ын хоккейн шигшээ багийн хоккейчин алдарт Владислав Третьяк болон олимпийн гурван удаагийн аварга уран гулгагч Ирина Роднина нар асаалаа.

Өвлийн олимпийн түүхэнд хамгийн өндөр зардал бүхий энэ удаагийн олимп яах аргагүй их гүрний дахин сэргэлт, хүчирхэгжилтийг илтгэх гол зорилготой гэдэг нь ч батлагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орнуудын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирснээс манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч мөн хүрэлцэн очоод буй. 40000 хүний суудалтай Фишт цэнгэлдэхэд ёслол төгөлдөрөө дэлхийд гайхуулсаар нээгдсэн Сочигийн өвлийн олимп өмнөх Ванкувер, Ториногийн олимпоос илүү зардал болон асар их хамгаалалт дор зохион байгуулагдаж байгаа гэдгийг дахин онцлоё.

Сочигийн тэнгэр дор 16 хоног үргэлжлэх олимпоор спортын 15 төрөлд 98 багц медалийн эзэд 87 орны 2800 гаруй тамирчдын дундаас тодорно.

Өвлийн олимпийн ХХII наадамд Монгол Улсыг төлөөлж гүйлтийн цанын төрөлд Б.Бямбацогт, Ч.Отгонцэцэг нар оролцож байна. Монгол Улсын хувьд анх удаагаа 1964 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулсан өвлийн IX олимпийн наадмын цасан цагаан дэвжээн дээр хурд хүч, ур чадвараа сорин оролцож байсан түүхтэй. “Инсбрук-1964” олимпийн наадамд 10 эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр өрсөлдсөн юм. Тэр үеэс хойш 1976 оны олимпийн наадмаас бусдад нь Монгол Улсын баг тамирчид цагаан олимпийг алгасалгүй оролцсон ч одоогоор нэг ч медаль хүртээгүй байна. Манай улсын баг тамирчид “Инсбрук-1964”, “Гренобль-1968”, “Саппоро-1972”, “Лейк-Плэсид-1980”, “Сараево-1984”, “Калгари-1988”, “Альбервилль-1992”, “Лиллехамер-1994”, “Нагано-1998”, “Солт-Лейк-2002”, “Турин-2006”, “Ванкувер-2010”, “Сочи-2014” гэсэн 13 удаагийн цагаан олимпийн наадамд эх орноо төлөөлөн нэр алдраа мөнхөлсөн билээ

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ