Б.Амарсайханд Холливудын кинонд тоглох урилга иржээ

СТА, жүжигчин Б.Амарсайханд Холливудын кинонд тоглох санал иржээ. Тодруулбал, энэ сарын 7-нд буюу өчигдөр Нэтфликс компанийн санхүүжилтээр бүтээх “Марко Поло” олон ангит киноны Аригбөхийн дүрийг бүтээх урилга хүлээн авсан байна.
Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх пробонд орох урилга ирж, цагаан сарын өмнөхөн Малайз улсад уригдаж, хоёр дахь шатны пробонд орж байжээ.
Шалгаруулалтад амжилттай оролцсон тэрээр Universal Network East West агентлагтай албан ёсоор Холливудад төлөөлөх гэрээг үзэглэсэн байна.
Киноны зураг авалт ирэх дөрөвдүгээр сараас Америк, Малайз улсуудад явагдаж, оны сүүлээр дэлгэцэнд шилжих юм байна.
Киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн бөгөөд тэрээр Монголд ирж, судалгаа хийсний үндсэн дээр энэ зохиолыг бичсэн тухай Холливудын вэбсайтуудад бичжээ.
Харин киноны найруулагчаар алдарт найруулагчид Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар ажиллаж байна.
Ийнхүү монголын жүжигчдээс жүжигчин Б.Амарсайхан Холливудын агентлагтай албан ёсны гэрээ байгуулсан хамгийн анхны монгол жүжигчин болж байгаа аж.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ