24 төрийн албан хаагчийг шалгаж байна

Завхан аймгийн прокурорын газар 2013 онд төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж холбогдох мэдээллийг аймгийн төрийн албаны салбар зөвлөлдөө хүргүүлжээ. Завхан аймгийн хэмжээнд 2013 онд 24 төрийн албан хаагч, 23 гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэг, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гурав, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэг, бусад хэрэг тав бүртгэгдсэн байна.
Судалгаанаас үзэхэд сумын иргэдийн хурлын дарга, багийн засаг дарга, нийгмийн ажилтан, мал эмнэлгийн болон нийгмийн даатгалын байцаагч, зэвсэгт хүчний байгууллагын албан хаагчид, байгаль орчны газрын мэргэжилтэн, номын санч,нягтлан бодогч, галч, жолооч зэрэг төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогджээ.
Үйлдэгдсэн хэргүүдийн ихэнх хувь нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг буюу Монгол УлсынЭрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан хэрэг эзэлж байгаа бөгөөд зам тээврийн осол гаргаж бусдынамь насыг хохироох, танхайрах,бусдын эд хөрөнгийг устгах,албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх, эрх мэдлээ хэтрүүлэх, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэхгэмт хэргүүд эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдсон 24 төрийн албан хаагчийн 18 нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй бөгөөд улс төрийн албан хаагч гурав, төрийн тусгай албан хаагч зургаа, төрийн захиргааны албан хаагч зургаа, төрийн үйлчилгээний албан хаагч ес байна. Боловсролын хувьд дээд боловсролтой 18 хүн байна.
Үйлдэгдсэн хэргийн 11 нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд төрийн албан хаагчдаас үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх онтой харьцуулахад 1 хэргээр буюу 4,2 хувиар буурсан хэдий ч согтуугаар үйлдэгдсэн хэрэг 5 буюу 45,4 хувиар өсчээ.
Дээрх байдалд дүгнэлт хийж гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлага байгаа талаар аймгийн прокурорын газраас хүргүүлсэн мэдээлэлд дурьджээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ