Эхний өдрийн тойм: Норвегичүүд илүүрхэж эхэллээ

Улаанбаатарын цагаар өчигдөр 00:14 цагт нээлтээ хийсэн Сочи-2014 өвлийн олимпийн анхны медальтнууд тодорч эхэллээ. Наймны өдөр спортын таван төрөлд медалийн эзэд тодорсныг бид тоймлон хүргэе.

Анхны алтан медалийн эзэн тодорлоо

Сочигийн олимпийн анхны алтан медалийн эзнээр сноубордын эрэгтэйчүүдийн слоупстайл төрөлд 93,50 оноогоор түрүүлсэн АНУ-ын тамирчин Сэйж Котсенбург тодроод байна. Ийнхүү 2014 оны өвлийн олимпийн анхны аварга АНУ-аас тодорлоо.

Түүний араас Норвегийн тамирчин Столе Сандбек 91,75 оноогоор удаалж мөнгөн медаль, Канадын тамирчин Марк Макморрис 88,75 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ. Дашрамд сонирхуулахад слоупстайл төрөл нь анх удаагаа олимпод орж, тамирчид энэ төрлөөр олимпийн талбарт анх удаагаа өрсөлдсөн юм.

Эмэгтэйчүүдийн скиатлон буюу сонгодог тэшилт 7.5 км

Сочи-2014-ийн дараагийн медалийн эзэд эмэгтэйчүүдийн скиатлон буюу сонгодог тэшилт 7.5 км-ын төрөлд тодорсон юм. Энэ төрөлд Скандинавын хойгийн улсууд болох цас мөсний орон Норвеги, Шведийн бүсгүйчүүд илүүрхсэн юм. Норвегийн Марит Беорген алтан медалийн болзол хангаж түрүүлсэн бол Шведийн Шарлотте Калла мөнгө, Норвегийн Хэйди Уэнг хүрэл медаль тус тус хүртсэн юм. Хүрэл медалийн оосроос атгаж дөрөвдүгээр байранд ч мөн л Норвегийн эмэгтэй тамирчин орлоо.

Ингэснээр нэг алт, нэг хүрэл медальтайгаар Норвеги улс хошуучилж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5000 метр

Голландын эрэгтэй тэшүүрчид энэ төрөлд хаанчилдаг гэдгээ баталлаа. Энэ төрөлд 2010 оны Ванкуверийн олимпод алтан медаль хүртсэн алдарт Свен Крамер дахин түрүүлж Сочигийн тэнгэр дор олимпийн хоёр дахь алтан медалиа зүүлээ.

Ингэснээр Свен Крамер олимпийн хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Тэрээр өдгөө 27 настай юм. Харин мөнгө хүрэл медалийг Крамерын нутаг нэгт Ян Блокхуисен, Жоррит Бергсма нар хүртлээ.

Эрэгтэйчүүдийн спринт төрлийн 10 км

Энэ төрөлд 1998 оны Нагано, 2002 оны Солт Лейкийн Ситийн олимпоос алтан медаль авч байсан Норвегийн хашир туршлагатай тамирчин, өдгөө 40 настай Бёрндален түрүүлж Сочигийн олимпоос анхны нийтдээ өвлийн олимпоос долоо дахь алтан медалиа авлаа.

Мөнгөн медалийг Австрийн, хүрэл медалийг Чехийн тамирчид тус тус хүртлээ.

Норвегийн тамирчид медалийн хүснэгтийг тэргүүлж байна

Сочигийн олимпийн эхний өдрийн сүүлийн медалиуд цанын чөлөөт үсрэлтийн эмэгтэйчүүдийн могул төрөлд эзэддээ очлоо. Энэ төрөлд Хойд Америкийн тамирчид илүүрхсэн. Канадын эгч дүү хоёр болох Жастин Дюфү Лапоинте, Клое Дюфү Лапоинте нар алт мөнгөн медалийг хүртсэнээрээ олимпийн түүхэнд онцлог үйл явдал боллоо. Харин хүрэл медалийг АНУ-ын Ханна Керни хүртсэн юм. Ингэснээр эхний өдрийн медалийн эзэд тодорч дууссанаар Норвегийн тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэлтэйгээр медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ