МАН-ын гурван хөзөрт бооцоо тавих уу

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо урьдчилсан байдлаар хэлэлцэнэ. Энэ асуудалд маргааш цэг тавьсан байх гэнэ. Удирдагч байхгүй учир нэр дэвшигч нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан гэж байнга чичлүүлэх болсон МАН-ынхан олон нийтийн таамаглалыг бататгах, эс бататгах мөч тун ойртлоо.

Монголын улс төрийн ууган хүчин, засгийн эрхийг олон жил барьж, төрд дархлагдсан тэдэнд энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгууль хүндхэн цохилт болсон юм. Ялагдал гээчийг мэдрэлгүй хэтэрхий удсан учраас одоог хүртэл шоокын байдлаас бүрэн гарч чадаагүй тэд сөрөг хүчин гэдэг нэрийг ялагдагч гэж ойлгосоор байгаа нь нууц биш. Гэхдээ ялагдлын сүүдрээс цухуйх боломжийг тус намаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъяабазар тавьсан бол түүний араас Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх асар том сунгаа хүлээж байна. Угтаа намын лидер улстөрчдийн нэг С.Баярыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой гэж олон жилийн өмнөөс ярьж байлаа. Гэтэл тэрээр АНУ-ыг зорьж, Канадад суурьшсан нь олныг гайхшруулсан. Одоо тэгэхээр МАН-аас Ерөнхийлөгч болчихоор хэн байдаг билээ гэцгээж, дориухан нэгнийг дотроо товлоцгоосон байх.

Харин өнөөдрийн байдлаар Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын нэр тодорч, ширүүхэн хэлэлцүүлэг өрнөх бололтой. МАН-ын гурван гол хөзөр болоод байгаа эрхмүүдийн нэр гэнэтхэн өнөөдөр л тодорчихоод байгаа юм биш. Тэгэхээр мань гурав тус бүртээ баг байгуулчихаад байгаа нь ойлгомжтой. Баг тус бүр хүнээ зүтгүүлж таараа.

Гэхдээ олноо нэгэнт дэлгэсэн гурван хөзөртэй МАН далд нуусан тамгаа гаргаж ирэх магадлал бас ч байгаа. Тийм болохоор саарал ордонд энэ тухай таамаг яриа хэдийнэ газар авчээ. Нууц хөзөр маргаашийн Бага хурлын үеэр танхимаас гадагшилж магадгүй гэсэн хардлага бий.

Дуламсүрэнгийн Оюунхорол

МАН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг болох Д.Оюунхорол цөөнгүй жил төрд зүтгэж яваа нэгэн. Улстөрчийн хувьд эрчүүдээс дутахгүй зангарагтай гэгддэг тэрээр МАН-аас Ерөнхийлөгчид сойгдох магадлал өндөртэй. Хэрвээ нэр дэвшвэл манай улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдсөн тохиолдол болох бөгөөд үүгээрээ гол имижээ бүрдүүлнэ гэж улстөрчид ярих юм билээ.

Түүний хувьд УИХ-ын 2004 оны сонгуульд намаас нь нэр дэвшүүлээгүй учир бие дааж өрсөлдөөд ялагдсан. Ингэж том толгой гаргасан түүнийг тухайн үеийн намын дарга байсан Н.Энхбаяр намаасаа хөөсөн гэж нэг хэсэг шуугисан. Мөн  тэрээр намын Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй маргалдан, бие бие рүүгээ салаавч гаргасан хэмээн хэвлэлээр бичиж байлаа.

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Анх тоон дундах үсэг хэмээн цоллогдож байсан түүний хувьд нэлээд хэдэн жил төр түшилцсэн, МАН-ын нэр цэвэр ганц гишүүн гэж хэлэхэд хилсдэхгүй нэгэн. Хэнтий нутгаасаа гурав дахь удаагаа сонгогдож байгаа түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэснээс хойш Оюутолгойн асуудлыг хурцаар хөндөх болсон. Тэр ч бүү хэл энэ асуудлыг бусад нь ойшоохгүй болохоор чуулганы их танхимд Оюутолгойн гэрээг барьж бараг л суулт зарласан. Харин түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар түүнийг хадгаламж зээлийн хоршоодын том зээлдэгч хэмээн шалгана гэх цуу тарсан юм.

Өлзийсайханы Энхтүвшин

Түүний хувьд намын дарга гэдэг утгаараа автоматаар нэр нь дэвшигдэж байгаа гэх хардлагыг төрүүлээд байгаа. Тэрээр гишүүн дэмжигчдийн дэмжлэг гэхээр илүүтэйгээр албан тушаалыг зэрэглэлээр ийнхүү багтсан. Махны үнийг төвөггүйхэн худал хэлж, бас болоогүй буйдантай жагсаалыг хийснээрээ МАН-ын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлоод байгаа түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ясны улстөрч мань эрд зангараг ч бий шүү. 

 Харин энэ асуудлын учиг маргааш л тайлагдах болно. МАН-ын гурван хөзрийн хэн нь байх бол, яг одоо бооцоо тавих уу.

Б.Тогтох

  //

СЭТГЭГДЭЛ БИЧИХ