Монгол цагдаа Сочид өрсөлдөнө

Өвлийн олимпийн XXII спортын наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсынхаа далбааг мандуулан жагссан азтай эр бол Болдын Бямбадорж. Олимпийн наадамд оролцоно гэдэг тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг, насан туршийн бахархал байдаг. Тэр тусмаа улс орныхоо далбааг өргөн нээлтэд жагсах хувь олимпод оролцсон тамирчин бүрт тохиогоод байдаггүй. Тэгвэл Б.Бямбадоржид энэ их хувь тохиол оногдсон юм.

Б.Бямбадорж бол жирийн л нэг хэв журмын цагдаа. Албан ажлынхаа хажуугаар хар багаасаа хичээллэсэн спортоо хаялгүй зүтгэсээр өдгөөгийн амжилтдаа хүрчээ. Олон улсын цанын холбооноос манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг цаначин олимпод оролцуулах квот олгоод байсан билээ.

Үүний дагуу Монголын цанын холбооноос сонголтоо хийж 3725008 ID дугаартай Чинбатын Отгонцэцэг, 3720011 ID дугаартай Болдын Бямбадорж нарыг “Сочи 2014”-д сойх болсноо Олон улсын олимпийн хороо, Олон улсын цанын холбоонд албан ёсоор мэдэгдсэн юм.

Ийнхүү Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч, Хүч нийгэмлэгийн тамирчин, гүйлтийн цанын олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж Сочиг зорьсон билээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга түүнийг албан өрөөндөө хүлээн авч Сочигийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах их ерөөлийг тавьж, төрийн алтан соёмбот далбааг цагдаагийн байгууллагын далбааны хамтаар гардуулан өгсөн юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ