"Дөрвөн бэрх" нээгдэнэ

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач Д.Гунгаа, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт барималч А. Өлзийбаатар, М. Баярмагнай, Д.Халиун нарын хамтарсан "Дөрвөн бэрх" үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны шинэхэн засагдсан үзэсгэлэнгийн танхимаа нээгдэх гэж байна.

"Дөрвөн бэрх" хэмээн нэрлэсэн учир нь дээрх дөрвөн зураач маань дүрслэх урлагийн "дөрвөн бэрх" шиг өөр өөр хэв маяг, ур аргыг хослуулсанд юм. Д.Гунгаа гуайн орон зай, түүхэн он цагийг нэг хавтгай дээр тэнцэтгэсэн гайхамшигт график ажилууд, Д.Халиуны үзэгдэх ертөнцийн өнгө будаг, гэрэл сүүдрээр дэглэсэн тоглолт бүхий бүтээлүүд уг үзэсгэлэнд зэрэгцэн орших болно. Мөн М. Баярмагнайн зүүд, зөн, байгаль эх, амь амьдралын шүтэлцээг монгол зургийн аргаар илэрхийлсэн нь А.Өлзийбаатарын барьмал, сийлбэрээр биеийг олон амилсан мэт санагдана.

Өөр өөр цаг үе, дэг сургуулиар дадлагшсан эдгээр дөрвөн хүний бүтээлийн үзэгдэх янз нь ондоо мэт боловч өгүүлэх түүх нь харин "дөрвөн бэрх" адил уялдаатай байх болно. Үзэсгэлэн 2014.02.14-2014.02.24-ний өдрийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ