Ц.Мөнх-Од: Ромео Жульетта хоёр шиг хайраа би олсон

Өнөөдөр У.Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжгийн зохиолыг мюзикл хэлбэрээр тоглох гэж байна. Тус мюзиклийн гол дүр болох Ромеогийн дүрд тоглох  “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Одтой бэлтгэлийнх нь үеэр уулзаж  ярилцсанаа хүргэе.

-Таныг бэлтгэл хийж байхыг  харахад бүх зүйлээ зааж зааварлаад  яг л энэ мюзиклийн найруулагч юм шиг харагдлаа?

-Би их өндөр темпераментэй хүн л дээ. Өөрөө бүх юмандаа санаа зовчихдог. Ямар ч уран бүтээл дээр ажилласан тэгдэг. Энэ миний гэм биш зан болчихсон. Тийм болохоор хүмүүс надад их итгэл хүлээлгэдэг юм шиг байгаа юм. Тэрнээс биш би найруулаад байгаа юм байхгүй л дээ. Өөрийнхөө санаа оноог л нэмэрлэж байгаа нь энэ.

-Хэр удаан хугацаанд бэлтгэл хийж байгаа вэ?

-Надтай найман сарын өмнө уулзсан. Бүтэн жил дамнаж байгаа юм билээ. Харин би найман сарын турш бүжиг, дууны бэлтгэлээ хийгээд, текстэн дээрээ ажиллаад, дүрийнхээ судалгааг хийсээр ирсэн. 

Ромеогийн дүрд тоглоно гэдэг аз завшаан шүү?

-Би ийм дүрд тоглоно гэж боддог, хүсдэг байсан. 2005 онд СУИС-ийн хамгийн анхны мюзиклийн ангийг төгссөн. Манай хамтлагийнхан ийм тоглолт хийх юмсан гэж их ярьдаг байсан. Гэтэл аз завшаан, тэнгэр ивээгээд надад энэ сайхан дүрд тоглох боломж олголоо. Маш их баяртай байгаа. Уг нь миний мөрөөдөж байсан дүр бол Тибалтын дүр. Гэтэл энд огт эсрэгээрээ Ромеогийн дүрд тоглож байгаа нь их сонин. Би эсрэг дүр дээр ажиллах сонирхолтой. Надад  их ойр ч юм шиг санагддаг. Харин анх удаа сайн талын, хүнд хор хүргэдэггүй, сайхан, зөөлөн сэтгэлтэй, энэ дэлхийн эр хүн болгоны бэлгэдэл, эмэгтэй хүн бүрийнх нь мөрөөдөл болсон Ромеогийн дүр дээр ажиллаж байгаадаа маш их баяртай байна.

-Эерэг дүрд тоглох ямар байна даа?

-Бас сонин л юм байна. Дандаа эсрэг талын дүрд тоглож байсан болохоор их хурц байх гээд байна. Зөөлхөн байх ёстой дүр л дээ. Гэхдээ би Ромеогийн дүрдээ орох гээд, ямар хүн байсан, яагаад Шекспир энэ жүжгийг бичсэн, энэ дүрээрээ нийгэмд юуг ойлгуулахыг хүссэн бэ гэдгийг сайтар ойлгож, тунгааж тоглохыг хичээж байна.

-Найруулагч яагаад таныг сонгосон юм бол. Асуусан уу?

-Би харин ёстой мэдэхгүй байгаа. Яагаад намайг сонгосныг одоо хүртэл бодож л явдаг. Чамайг асуухаар харин найруулагчаас асуумаар санагдчихлаа. Магадгүй  хоолойны темберийн хувьд төстэй санагдсан байх гэж бодож байна. Энэ мюзикл дээр би нийт 14 дуу дуулж байгаа. Францын алдарт хөгжмийн зохиолч Жирард Прэсгурвичийн хөгжим Монголд эгшиглэх гэж байна. Үгийг нь  манай мюзиклийн орчуулагч Аюурзана ах маш мундаг орчуулсан. Ерөөсөө орчуулга хийх гэж бүтэн жил болсон. Монгол  Европ үгийн утга маш их ялгаатай байдаг гэсэн. Манай хэл баялаг болохоор ямар үг сонговол энэ хүний хэлэх гэсэн санааг шигтгэж чадсан уран бүтээл болох вэ гэж их бодсон учраас удсан тал бий. Манай мюзиклийг үзсэнээрээ уран тансаг үгсийн хэлхээ, сайхан хөгжим сонсч тайвшрал мэдэрнэ. Шекспирийн зохиол хэтэрхий шүлэглэсэн байдаг шүү дээ. Харин бид нар арай өөр орчин үе рүүгээ хандсан, тийм  эмгэнэлтэй ч биш аялгууг мэдрүүлэх болно. Мюзикл нь өөрөө поп эстрад урлаг дээр суурилж үүссэн урлаг.

-Бэлтгэл хэдэн хувьтай явж байна?

-За 95 хувьтай л байна даа. Үлдсэн  таван хувийг нь өнөөдөр бэлтгээд л тоглоно доо.

Тоглолтод хичнээн уран бүтээлч орох вэ?

-МУГЖ, дуучин Б. Сарантуяа, “Элкондор” хамтлагийн дуучин Цогоо ах, “Шигтгээ” хамтлагийн ЦогтДэлгэр ах, УДЭТ-ын Нармандах эгч, “Сүлд” чуулгын Өнөржаргал эгч, “Classik jem” хамтлагийн дуучин Отгоо, “Asian shop” хамтлагийн дуучин Бабу, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулгын 40-өөд бүжигчин гээд ер нь нийтдээ 350-иад хүн ажиллаж байна.

-Яагаад нэг л өдөр тоглож байгаа юм бэ?

-Ямар ч зүйл үнэ цэнэтэй байх тусмаа амттай байдаг шүү дээ. Энэ мюзиклийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа. Харин сонгууль дөхсөн тул энэ талаар ярихгүй байгаа. Яагаад гэхээр сонгуулийн PR гэж хүмүүс бодох байх л даа. Тэр утгаараа ашгийн бус.

-Азидаа анх удаа тоглох гэж байгаа гэл үү?

-Тийм шүү. Азийн бусад орнууд “Эд нар ямар зэвүүн байна. Биднээс өрсөөд энэ алдарт жүжгээр мюзикл  тавьчихлаа шүү” гэж бодож байгаа байх. Манайхан моод монголоор дуусдан гэж ярьдаг улс. Гэхдээ урд нь алхаж байгаа зүйлс зөндөө байна. Урлаг, спорт гээд  л. Энэ уран бүтээлд орж ажилласнаараа би монгол хүмүүс юуг ч хийж бүтээж чадах юм байна гэсэн урам зоригтой болж байгаа.

-Үзэж чадаагүй үзэгчдэд их харамсалтай байна байх. Дахиад тоглох боломжгүй юу?

-Би тэрнийг сайн мэдэхгүй. Манай маркетингийнхан энэ талаар ярилцаж байгаа юм шиг байна билээ. Маш их зардал мөнгө, хүч хөдөлмөр зарсан болохоор бид тасалбараа 100 мянгаар үнэлсэн. Нэг их үнэтэйдэхгүй байх. Аливаа уран бүтээл үнэ цэнэтэй байж, үзэгчид ч үнэлж чаддаг байх ёстой юм. Дахиад тоглоно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ тийм ч олон тоглохгүй л байх даа.

-“Acapella” хамтлагийн уран бүтээлчдээр сонин сайхан юу байна?

-Бид одоо л уран бүтээлдээ орж байна. “Хэзээ” дууныхаа хоёрдугаар ангийг удахгүй та бүхэндээ хүрэх болно. Америк руу найруулагч мэргэжлээр сурахаар явсан манай Одко эргэж ирсэн. Энэ уран бүтээлд  оролцож байгаа. Фенүүдэд том сюрприз болох байх аа. Клип нь удахгүй гарна. Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан. Хоёр эмэгтэй гишүүнтэй болсон гээд нэг хэсэг их шуугилаа. Тэр яахав найз нартай хамтарч хийсэн дуэт дуу юм л даа. Манай хамтлаг тараагүй шүү дээ. Зарим нь ажил төрөлтэй гадаад дотоод явсан л болохоос. Заавал дөрвүүлээ дуулаад байх албагүй. Манай хамтлаг хэдүүлээ ч болж болно. Бид “Acapella” энтертайнменттай болж байгаа. Удахгүй тайз, дэлгэцийн уран бүтээл гээд бүх л чиглэлээр уран бүтээл хийнэ. Одоогоор би ийм  ажилтай байгаа болохоор хамтлаг сайн хуралдаж чадахгүй байна.

-Тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Байгаа. Гэхдээ хэзээ тоглох вэ гэдэг нь одоогоор нууц байг. Ер нь тун удахгүй дээ.

-Жүжигчин хүний аз жаргал юунд оршдог вэ?

-Ерөөсөө хөмсгөө зангидсан, сэтгэл санаагаар унасан, муу зүйл тохиолдсон юмуу даа гэмээр хүн орж ирээд, маш сайхан аз жаргал, баяр хөөр мэдрээд гарч байх юм бол бидний гавьяа тэр. Тэгэх гэж л жүжигчин болсон хүмүүс. Бид урлагийн боол. Боолынхоо ажлыг л хийж байгаа.

-Багадаа ямар хүүхэд байв. Жүжигчин болохыг мөрөөддөг байв уу?

-Дуучин болохыг хүсдэг байлаа. Тэгээд арван жилээ их жаахан байхдаа төгсөөд СУИС-д Хайдав багш дээр ирж байсан. Хайдав багш дараа жил авья гэхээр нь намайг голж байна гэж ойлгоод  ирэх жил нь жүжигчний ангид орчихсон. Тэгэхэд Хайдав багш “Чи яагаад энд орчихдог билээ” гээд хойноос ирж байсан шүү. Тухайн үед миний насыг л голсон юм билээ. Хүүхэд байхын л урлаг уран сайханд үнэхээр дуртай  байсан. Аравдугаар ангиа төгстөл сургуулийнхаа урлагийн үзлэг, элдэв тоглолт, жүжигт байнга  оролцдог байж. Манайх гэрт амьдардаг байлаа. Айлууд орныхоо урдуур хөшиг тадаг байсан. Тэр хөшигний араас гарч ирээд л өнөөдрийн тоглолт эхэллээ гээд бүтэн цагийн концерт ээж, аав хоёртоо тоглож өгдөг байсан гэсэн. Гэхдээ би санадаггүй юм аа. Манай өвөө их сайхан дуулдаг хүн байсан юм билээ. Бүр радио Пунцаг гэдэг байсан гэнэ билээ. Энэ нэрийг тийм амархан өгөхгүй. Тэгэхээр өвөө маань радио шиг л хүн байсан гэсэн үг шүү дээ.

-Монгол өв соёлоо хэрхэн хүндэлж дээдэлж явдаг вэ?

-Хүндлэлгүй яахав. Манай эмээ намайг болохгүй юм хийвэл заяа нь дэлгэрэг гэж загнадаг байсан. Эргээд бодоход заяа нь  дэлгэрэг гээд байгаа юм чинь миний заяа дэлгэрч байгаа байхгүй юу. Нэг юм асгачихвал далай болог, тосоор гоожиг гээд л . Ерөөсөө  л энэ амны бэлгэ, ахмад буурлуудын маань үг биднийг сайн сайхан явуулж байгаа байх гэж боддог. Би ёс заншил, уламжлал соёлоо аль болох мартахгүй, авч явахыг боддог хүн.

-Яагаад гэр бүлтэй болохгүй байна. Найз бүсгүй байгаа юу?

-Саяхан найз бүсгүйтэй болсон. Сүй тавьсан. Яг үнэндээ энэ асуудалд анхаарал тавьж чадахгүй, завгүй байлаа.

-Хуримаа хэзээ хийх вэ?

-Дараа жил.  Сайхан морин жил гарахаар л  намар нь хийдэг юм билүү гэж бодож байна.

-Яг ямар бүсгүй байгаа вэ. Уран бүтээлч хүн юм уу. Танилцуулж болох уу?

-Тиймээ. Жүжигчин мэргэжилтэй бүсгүй бий. Одоохондоо  танилцуулж яахав дээ. Цаг нь болохор угаасаа мэдэгдэнэ.

-Таны сэтгэлийг яаж татав. Та ер нь эмэгтэй хүний юуг нь харж дурладаг вэ?

-Хайр дурлалдаа их няхуур ханддаг. Яг энэ Ромеогийн дүр шигээ итгэмтгий, романтик. Тийм болохоор надтай нийцэх эмэгтэй хүн  яг үнэнийг хэлэхэд их ховор байдаг. Эсвэл нэг их хайхрамжгүй болчихсон. Эмэгтэй хүмүүс дунд чинь романтик хүмүүс их ховор байдаг гэж би боддог. Ер нь ихэнх нь их аймхай. Намайг хуурчих болов уу гэсэн бодолтой. Үнэнээсээ гээд байхад л итгэхээ больчихсон. Би эр хүн эр хүндээ хайртай гэдэг үгийн эсрэг байдаг хүн. Яагаад гэхээр гурван эмэгтэй дүүтэй. Тийм болохоор эмэгтэй хүнийг сайн ойлгодог. Магадгүй эрчүүд маань болохгүй болоод л эмэгтэйчүүд тийм аймхай болчихсон юм болов уу.  Би энэ хүнтэйгээ их удаж шийдвэр гаргасангүй. Бүх юм хурдан байлаа. Яг Ромео, Жульетта хоёр шиг. Ээж, аавууд ч зөвшөөрсөн. Заяаны хань зам дээр гэдэгтэй л адилхан юм уу даа. Гэхдээ яг ч зам дээр тосоод зогсож байгаагүй л дээ. Гэхдээ л яг тэр үгтэй адилхан гэнэт л гараад ирдэг юм билээ. Миний дуулсан “Амьдралын амт” дуун дээр хайр дурлал өөрөө ирдэг юм аа, аз жаргалыг битгий хай, олох гэж битгий шамд, харин өөрөө л зөв бай гэсэн утга бий.

-Танаас эмэгтэй хүн айж байж дээ?

-Айсан гэх нь бас хаашаа юм бэ. Хүн надад итгэхгүй байхад би их дургүй. Зарим нэг хүн миний тэр шалгуурыг даваагүй байж магадгүй. Гэхдээ би тийм олон найз охинтой байж үзээгүй. Би ямар нэгэн хүнийг зовоохгүй юмсан гэж их хичээдэг. Хүний амьдрал хүссэнээр байдаггүй л байхгүй юу. Одоо л би яг хамт байх ёстой хүнтэйгээ учирсан. Энэ хүнээ гомдоохгүйг хичээж явна.

-Уурлаж бухимдахаараа  яаж тайвширдаг вэ?

-Уур багатай, гайгүй. Гэхдээ дүрсхийж гэнэт уурладаг. Тэгээд амархан буугаад өгчихдөг. Нэлээн том юманд уурлана. Зүйрлэх юм бол шүдэнз асч байгаа тэр мөч шиг л юм даа, миний уур. Ер нь миний буруу байсан ч, нөгөө хүний буруу байсан ч түрүүлээд уучлал гүйдаг, эв эеийг эрхэмлэх дуртай хүн дээ.

-Ямар улиралд дуртай вэ?

-Зун, өвөлд хоёуланд нь дуртай. Өвөл хүйтэн гээд хүмүүс дургүй байдаг шүү дээ. Миний хувьд хааяа нэг чичиртлээ даарах гоё байдаг юм аа. Дараа нь дулаацахаар нэг их гоё, бие тавираад сайхан болдог. Тэгээд өвөл өнгө нь цагаан болохоороо юмыг зөөллөж өгдөг юм шиг санагддаг. Өвөл, зун хоёроо дэнслээд хэл гэвэл би өвөл гэж хэлнэ. Би ер нь их өвөрмөц зүйлд дуртай юм шиг байгаа юм. Цасан шуурганаар морь унаад явж байх гоё шүү. Бүр явж боломгүй болвол айлын өвөлжөө, саравчин дор хоргодоод шуурга намдахыг хүлээх ч бас сайхан. Тэгэхээр биеийн амрыг хараад байдаг хүн биш байгаа биз.

-Та өвөл төрсөн үү?

-Үгүй ээ. Би хавар төрсөн.

-Морь унаж, салхи сөрөх дуртай гэж байна. Хөдөөний хүүхэд үү?

-Гурван настайгаасаа л хөдөө өссөн. Аав, ээж хоёр ажилтай гээд намайг Өвөрхангайн Бүрдэд эмээгийнд орхичихдог байсан. Тав хүрээд хурдны морь унаж эхэлсэн. Мөч урттай болохоор  хоёр жил унасан. Хотын хүүхдүүд намайг гайхдаг байсан шүү . Уурга шүүрдэг, эмнэг сургадаг хөдөөний хүүхэд л гэж боддог байсан. Би малчдынхаа амьдралыг мэднэ. Ер нь мэдэж ч байх ёстой байх. Харин манай залуучууд хөдөөний амьдралыг бараг л мэдэхгүй шахам болж дээ.

-Таны нэр ямар утгатай юм бол?

-Бүр эртний дуудлагаар нь хэлэх юм бол “хөх түгнэ” гэсэн үг юм билээ. Хөх гэдэг үг нь мөнх гэсэн үгийг орлодог, түгнэ гэдэг нь одыг илэрхийлдэг үг гэсэн. Манай өвөө өгсөн нэр. Яг дотроо юу бодож өгсөн гэдгийг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан энэ сайхан нэрийг нь өндөрт өргөж явах юмсан л гэж бодох юм.

-Бирд гарч ирээд гурван хүслээ хэл гэвэл юу хүсэх вэ?

-Мөнхийн ус гүйхгүй. Тэр бирдэд угаасаа байхгүй байх. Гурав гэхээсээ илүү нэг л хүсэл хүснэ. Энэ хөрст дээр байгаа бүх хүн амар амгалан, энх амгалан байг. Бүгдийг нь аз жаргалтай болгооч ээ гэж. Би ганцаараа аз жаргалтай болоод намайг тойрсон зовлонтой хүмүүс байвал ямар хэрэг байна вэ. Тийм болохоор бултаараа, бөөнөөрөө л сайхан болохыг хүснэ дээ.

-Манай залуусын талаарх таны бодол?

-Мундаг залуучууд зөндөө байна. Цаашид ч мундаг болно гэдэгт эргэлздэггүй. Төр засгийн барьж байгаа бодлого таалагдаж байгаа юм алга. Тэгэхдээ өөдрөг байсан нь дээр л дээ. Залуучууд маань ухаантай байх хэрэгтэй. Чадалтай, ген сайтай  ч гэлээ нэг л дутагдал залуучуудад ажиглагдаж байна. Монгол гэдэг омогшил, ёс жудгаа л гээгээд байна. Яагаад ч юм Солонгос, Япон, Франц, Америкийн соёлд хэт автаад байгаа юм уу даа. Монгол эрчүүд, эмэгтэйчүүдийн зан чанар гээгдээд байна. Эрчүүд нь жаахан улцаганаад, эмэгтэйчүүд нь аальгүйтээд байгаа юм уу. Р.Чойном гуайн хэлсэн сайхан үг байдаг. Эрдэм сурах, хүссэндээ хүрэх хоёр л аз жаргал юм. Хаана байна тэр диваажин гэж. Энэ л үг үнэн юм шиг санагддаг.

-Машинтай юу?

-Машинтай болоогүй л байна. Гэхдээ "Бенз"-д дуртай. Автобусанд суугаад явдаг шүү дээ, би. Хүмүүс жаахан гайхсан харцаар хардагийг эс тооцвол олонтойгоо хутгалдаад явах сайхан байдаг юм аа. Тэгээд л багын гүйж харайх дуртай болохоор алхах сайхан даа. Биед ч сайн. Засгийн газраас машингүй өдөр гэж гаргаасай. Зөвхөн төв замаараа явуулахгүй байх биш, бүр автобус ч үгүй, ямар ч машингүй байвал эх дэлхий маань, Монгол маань нэг өдөр ч гэсэн цэвэр байна шүү дээ. Тэгээд төсөөл дөө. Их л гоё юм болох байх. Хүмүүс явган явж таарна. Тэгэхээр тэдний дунд чинь олон хүн тааралдана, уулзаж учраагүй удсан хүмүүс уулзалдана. Ерөнхийлөгчөөс авахуулаад сайд дарга нар нь ч гэсэн яагаад нэг өдөр алхаж болохгүй гэж. Ард түмэнтэйгээ Сүхбаатарын талбай дээр дасгал хийсэн ч яадаг юм бэ.

-Намын харьяалалтай юу?

-Байхгүй шүү. Намайг харьяалахаар сайн юм хийж байгаа нам нь одоогоор гарч ирээгүй юм болов уу. Ах намуудын аль нь ч таалагдахгүй байна. Нэгнийгээ л давах гээд үзэж тардагаас биш, хоорондоо ямар ч ялгарах зүйлгүй шүү дээ, тэд.

-За өнөөдрийн мюзиклд нь амжилт хүсье?

-Баярлалаа.

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ