Дахиад бонд босгох уу

Ерөнхий сайд маань одоо хаашаа явж ямар нэртэй бонд босгох юм бол доо. Өнгөрсөн жил Японд айлчилсныхаа дараахан “Самурай” нэрт бонд босгож япончуудын баталгаатайгаар бага хүүтэй мөнгө босголоо хэмээж байсан нь өчигдрийнх юм шиг тодхон.

Гэтэл тэрхүү бондын мөнгө бас хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон уу эсхүл түр зуурын гал унтраах маягтай эд байсан уу.

Ямартай ч ойрын эх сурвалжийн мэдээллээр Засгийн газар дахин их мөнгөний эрэлд гарахаар болсон сурагтай. Ярьж ярьж гацаанд орсон өнөөх төмөр замаа өргөн ч байна уу, нарийн ч байна уу царигтайгаар нь энэ оны эхний хагас жилд хөрөнгийг нь шийдэх төдийгүй томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, эхлүүлэхээр Засгийн газар зүтгэж байгаа. Гэтэл тэрхүү бүтээн байгуулалтын ажлуудад “Самурай” бондын мөнгө жулдах бололтой.

Тийм байсан бол яах гэж бонд босгов хэмээх асуулт танд төрж байна уу. Би ч мөн адил тэгж асуумаар байна. Магадгүй Н.Алтанхуягийн засгийн газар ганхаж элдвийн үг яриа төрийн ордны хонгилоор нисэлдэж байсан тэр үед яах аргагүй гал унтраах хэмжээний мөнгө хэрэг болсон ч байж мэднэ.

Саяхан сар шинээр хаад, ноёд шиг золголт хийж он гаргасан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэр үед байдгаа барчихсан, үүнийг нь ч сөрөг хүчнийхэн мэдчихсэн байсан. Тэр үед “фортуна” сайдаар туг тахих уу, аль эсхүл гэдэг сонголтын өмнө очсон Н.Алтанхуягт “самурай” бондоос өөр гарц байсан ч юмуу даа.

Өнгөрсөн юм ч яахав, үнэхээр дээр дурдсан үгс үнэн бол бидний өр нэмэгдэнэ л гэсэн үг. Уг нь ерөнхий сайд маань нэмж өр тавихгүй бол 2050 он гэхэд монголчууд өрнөөс сална гэсэн. Харамсалтай нь бид 2050 он гэхэд өртэйгөө л байх бололтой.

Бэлэн төсөл төлөвлөгөөгүй байж их хэмжээний зээл авч улс орныг өрийн дарамтад оруулсан гэж сөрөг хүчнийхэн шүүмжилдэг. Хариуд нь МАН засаг шилжүүлж өгөх үедээ улсын дансыг улайлгачихаад өгсөн ч гэдэг. Улстөрчид ингэж бие биедээ бурууг өгөн хэмлэлдэж байх зуурт өр нэмэгдэж тэр чинээгээр иргэдийн амьжиргааны түвшин буурна гэдгийг тэд ер нь мэдэж байгаа болов уу.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ