Давст уулын үнэн түүх

Давст уулын асуудал 1932 онд П.Гэндэнгийн Засгийн газрын үед шийдэгдэж, ЗХУ-ын харъяанд орж, Тувагийн мэдэлд шилжжээ. Энэ үед Ю.Цэдэнбал 16 настай сурагч байсан гэдгийг тодотгоё. Түүхийн гэрч болсон энэхүү протокол өдгөө Монгол улсын төв архивт хадгалаастай байгаа билээ.

Ю.Цэдэнбал БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэх гэж байсан гэх яриа Анти-Цэдэнбалистуудын гол зэвсэг байлаа. Гэвч цаг хугацааны эрхээр үнэн түүх сөхөгдөн гарч ирж, Ю.Цэдэнбал Монголыг Орост нэгтгэх гэж байсан биш, харин ч бүүр тусгаар тогтнолоо батлан хамгаалж, улс ороноо гайхамшигтай өндөр хэмжээнд хөгжүүлснийг өдгөө та бид сайн мэднэ. Монголыг ЗХУ-д нэгтгэх санал гарч байсны хувьд гарч байсан. Гэвч Ю.Цэдэнбалаас ийм санаа гарч байгаагүйг түүх гэрчилнэ.

1950.07.03 мөн оны 08-р сарын 04-нд Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Дүгэрсүрэн, Б.Бадарч, С.Авирмэд, Г.Галбадрах нарын 6 хүн маршал Х.Чойбалсан, намын дарга Ю.Цэдэнбал нарт БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэх үзэл санаа бүхий өргөдлийг 2 удаа өргөн барьсан ч, тухай бүртээ хав дарагдаж байжээ. Хожим нь Ю.Цэдэнбал гуай харийн нутагт "хоригдож" байхдаа: "...Зөвлөлтөд үнэнч харагдахыг хүсэж өргөдөл бичиж байсан хүмүүс бий. Тэр өргөдөл одоо ч миний сейфенд байгаа." хэмээн дурсжээ.

Мөн 1953 оны 3-р сард Улсын Прокурор Б.Жамбалдорж УТТ-ны хурал дээр Монголыг ЗХУ-д нэгтгэх тогтоол гаргахаар болж, төслийг ГЯЯ-ны сайд Н.Лхамсүрэн, ДЯЯ-ны сайд Цэдэв, Улсын Прокурор Б.Жамбалдорж нар боловсруулахаар болсон байсан ч, Ю.Цэдэнбал Сталины оршуулгад явахын өмнө НТХ-ны дарга байсан Д.Дамбад -"Тэр тогтоолыг гаргуулахгүй байх нь зүйтэй" гэж хэлээд Москва руу ниссэн байдаг.

Энэ явдлуудын дараа 1962 онд Б.Жамбалдоржийг бүх албан тушаалаас нь өөрчилж, намаас хөөсөн ба 1964 онд Д.Төмөр-Очир, Л.Цэнд нарыг "намын эсрэг бүлэг" хэмээн буруутгаж албан тушаалаас нь өөрчилсөн байдгийг бид бүхэн сайн мэднэ.

Тухайн үед хэлмэгдсэн гэх зарим хүмүүс үнэхээр эх орноосоо урвах гэж байсан юм шүү. Хожим нь зүгээр байхад нь хорьж, цөлсөн гэж гомдолдог нь харамсалтай. Түүх түүхээрээ л үлдэнэ.

"ХЭРВЭЭ ЦЭДЭНБАЛ МОНГОЛЫГ ЗХУ-д НЭГТГЭХ ГЭЖ БАЙСАН БОЛ ЮУ ГЭЖ Л 1948 ОНООС ХОЙШ МОНГОЛЫГ НҮБ-д ЭЛСҮҮЛЭХ ГЭЖ УЛАЙРАХ ВЭ ДЭЭ. АЛИВАА УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГААЖИЛТЫН ДЭЭД ХЭЛБЭР НҮБ-д ЭЛСЭХ. ТУСГААР ТОГТНОСОН УЛС Л НҮБ-д ЭЛСДЭГ ЮМ."

(С.ЖАЛАН-ААЖАВ)


СЭТГЭГДЭЛ БИЧИХ