Б.Тамир: Бид үерхээд хоёр жил болж байна

МУГЖ Бат-Өлзий, УГЖ Сарантуяа нарын хүү, УДЭТ-ынзалуу Жүжигчин Б.Тамиртай цаг үе, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Монгол кинонуудаа хэр их үзэж байна. Сүүлийн үед маш олон кино нээлтээ хийж, үзэгчдэд хүрдэг болсон байна?
-Үзэлгүй яахав. Үзээд авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг. Хамгийн сүүлд “Микроны босс” киног үзсэн юм байна. Монгол кинонуудаас гадна гадаадын кинонуудыг их үзнэ. Сурах зүйл их байгаа.
-Та драмын театрын жүжигчин. Хувийн уран бүтээлээс гадна театрын уран бүтээлээр сонин сайхан юу байна?
-Театрын уран бүтээлээ цалгардуулахгүйгээр хувийн уран бүтээлээ амжуулаад явна. Манай театр энэ сард үзэгч түмэндээ зориулж дэлхийн болон Монголын сонгодог жүжгүүдийг тайзнаа тавьж байна. Тодруулбал энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд М.Себастьяны “Нэргүй од” орчин үеийн жүжиг тоглолоо. Харин 12,13,14,15-ны өдрүүдэд Рей Куни, Чепмэн нарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг, 16-нд Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжиг, 20, 21, 22, 23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгүүд тус тус тоглоно.
-Залуу хүний хувьд цалингаараа хангалттай амьдарна гэдэг хэцүү байх?
-Зарим хүмүүс цалин багатай гэж хэлэхээсээ ичдэг. Миний хувьд хэзээ ч ичиж байгаагүй. Цалин багатай нь үнэн юм чинь нуугаад яах юм бэ. Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Түүний төлөө л хөдөлмөрлөдөг. Манайд цалингаараа хангалттай амьдрах боломж үнэхээр байхгүй.
-Хувийн амьдралын тань талаарх мэдээлэл олон хүний сонирхлыг татаж байгаа байх?
-Миний талаар янз бүрийн худал, үнэн мэдээлэл гарч л байдаг. Одоо ч тоохоо больсон. (инээв) Би Н.Мөнхсоёл гэдэг бүсгүйтэй үерхэж байгаа нь үнэн. Харин манай театрын жүжигчин Д.Ганцэцэг бид хоёрыг холбоод байсан нь ор үндэсгүй зүйл л дээ. Тэр хүний хувьд мэдээж найз залуутай л байлгүй. Ямар ч хүний ард гэр бүл бий гэдгийг үнэн худлыг нь мэдэхгүй байж бичиж байгаа хүмүүсийг жаахан ч гэсэн хүнийг гэсэн сэтгэлтэй хандаасай гэж хүсдэг. Манай хүн саяхан “Хөлтрөг” кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин. Өмнө нь "Оюутны нууц амраг", "Улаан дөрвөлжин" "Зүүдэнд ч оромгүй явдал" зэрэг МУСК-нд гол болон туслах дүрийг бүтээж байсан. Бас "Facebook oд" кинонд тоглосон.
-Та хоёр хэдийнээс холбоотой болсон юм бэ?
-Бараг хоёр жил болж байна шүү дээ.
-Та өмнө нь амьдрал зохиож нэг охинтой болсон. Уулзаж, цаг зав гаргаж чадаж байна уу?
-Цаг минут бүрт хамт байхыг хүсдэг. Гэхдээ тэр болгон зав олдохгүй юм. Харин нэг зав гаргавал гаргасан шиг гаргана шүү. Тоглоомоор нь хамт тоглоно, хамтдаа салхилна, эрхэлнэ гээд л.
-Та ер нь ямар жүжигчнээс илүү их гал цогийг мэдэрч, урам зориг авдаг вэ?
- Би жүжигчин Алтаншагай ахаасаа олон зүйлийг сурч авсан. Энэ хүнээр үнэхээр их бахархдаг. Нэг л тийм галтай цогтой мундаг жүжигчин. Харин энэ хүнтэй 2012 оны “Гэгээн муза”-д нэг номинацид нэр дэвшихэд үнэхээр эвгүй байсан. Шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн болсон. Аав, ээж маань маш их баярлаж байсан ч гэлээ шагнал дагаад асар их хариуцлага нэмэгддэг юм шүү гэдгийг хэлж байсан.
-Урлагийн гэр бүлд өссөн хүү болохоор хар багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан уу?
-Үгүй. Харин ч эсрэгээрээ. Ахыгаа дуурайгаад компьютерийн чиглэлийн хүн болно гэж боддог байсан. Наймдугаар ангид ороод жүжигчин Стивен Сигалийн киног үзээд тэр үеэс зодооны урлаг суралцъя, түүн шиг жүжигчин болдог ч юм билүү гэж бодож эхэлсэн. Тэр мундаг жүжигчний дайнд хүрэх хаа ч байсан юм. Жүжигчин хүн суралцсаар байгаад л дуусдаг шүү дээ. Би ч гэсэн дөнгөж суралцаж эхэлж байна.
-Анх таныг жүжигчин болно гэхэд аав, ээж тань эсэргүүцсэн гэсэн үнэн үү?
-Шууд л эсэргүүцсэн. “Миний хүү өөр мэргэжил сонго, жүжигчний амьдрал хэцүү шүү дээ. Чи чадахгүй” гээд л. Гэхдээ нэгэнт л хүссэн, надад ухрах зам байгаагүй учраас өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж энэ мэргэжлээ сонгосон.
-Аав ээж хоёр чинь хоёулаа жүжигчин болохоор хариуцлага улам л нэмэгддэг байх даа?
-Хэрвээ би жирийн нэгэн залуу байгаад жүжигчин болоод уран бүтээл хийхэд өөр. Харин уран бүтээлч хүний хүүхэд жүжигчин болох хэцүү. Хүмүүс арай өөр хандана. Тийм болохоор надаас маш их хариуцлага шаарддаг. Намайг хүмүүс С.Сарантуяа, Б.Бат-Өлзий хоёрын хүү юу хийж байна гэсэн нүдээр хардаг юм шиг санагддаг. Бас итгэдэг. Тэр итгэлийг алдахгүй, эцэг эхийнхээ нэрийг сэвтээхгүй явах нь миний үүрэг. Түүнээс биш миний аав ээж хоёр ийм хүмүүс шүү гэж нэрийг нь барьж онгирч яваагүй.
-Ээжтэйгээ хамт тайзан дээр гарахад ямар байсан бэ?
-Үнэхээрийн үгээр хэлэхийн аргагүй хамгийн сайхан мөч тэр юм билээ. “Оролмаа эх” жүжигт ээжтэйгээ хамт тоглосон. Жүжигт ээж, хүү хоёрын зөрчлийг харуулдаг. Нэг бодлын аз завшаан, бахархал гэж боддог. Ээжтэйгээ хамт тайзан дээр тоглосон жүжигчин нэг их байхгүй байх гэж бодож байна.
-Ээж ааваасаа магтаал, зэмлэл хэр их сонсож байна?
-Нэг их зөвлөөд байдаггүй ч харин хамгийн сайн шүүмжлэгчид байж чаддаг. Тэр нь жаахан тийм байна лээ анхаараарай гэж хэлдэг. Ер нь манай аав, ээж хоёр чинь намайг СУИС-д шалгалт өгөхөд ч тоогоогүй хүмүүс. Би ганцаараа шалгалтаа өгч, ганцаараа л бэлтгэлээ хийдэг байсан.
-Таныг ихэр гэж сонссон. Ихэр чинь одоо хаана юу хийдэг вэ. Төстэй юу?
-Хоёр өөр эсийн хүүхдүүд болохоор газар тэнгэр шиг л өөр. Ихэр маань одоогоор Америкт сурч байна. Хааяа ихэртэйгээ хамт явж байхдаа хүмүүст манай ихэр гэхээр зарим нь эхнэр гэж сонсоод байдаг юм. (инээв)
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ