Нас барсан хүний нэр дээр компани шилжүүлж, татвараас зайлсхийжээ

Нас барсан хүний нэр дээр компани шилжүүлж 4.7 тэрбум төгрөгийн татварын өрөөс зугатаж байсан хэрэг илэрчээ. Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нас барсан н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйн нэр дээр түүнийг нас барснаас хойш хоёр сарын дараа буюу 2013 оны зургадугаар сард “Эйнако” гэх компанийг шилжүүлсэн байна. Шилжүүлсэн хүн нь нас барсан эмэгтэйн дүү иргэн н.Эрдэнэотгон гэдгийг бэлэглэлийн гэрээнд дурьджээ. Улмаар компани нас барсан эмэгтэйн нэр дээр бүртгэгдсэний дараа хэн гэдэг нь тодорхой бус этгээдүүд тус компанийн нэрээр 4,7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртгийн албан татвараас зайлсхийх болсон байна.

"Эйнако" гэх энэ компани 2008 онд анх байгуулагдсанаасаа хойш эзэмшигч удирдлагууд нь хэд хэдэн удаа солигдож сүүлдээ нас барсан хүний нэр дээр ийнхүү шилжжээ. Өөрөөр хэлбэл дөрвөн тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийхийн тулд зохион байгуулалттай ажиллаж байж болзошгүй аж. Харин энэ асуудалд УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн ахлах бүртгэгч Я.Сүрэн хариулахдаа "Тухайн үед ийм асуудал гарсан. Гэхдээ манайх бүртгэхдээ иргэний бүртгэлийн программаас шууд татаж оруулдаг учраас нас барсан хүний нэр иргэний бүртгэлээс хасагдаагүй бол шууд бичигдэнэ. Манай программ дээр сая бага зэрэг асуудал байсныг өнгөрсөн 10-р сард шийдсэн. Одоо дахиж нас барсан хүнийг бүртгэх асуудал гарахгүй." хэмээжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ