“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийг Цагдаагийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ


Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хурлын танхимд Хууль зүйн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2013 оны А/228 дугаар тушаалын дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд үүсдэг хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт хуулийг төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, ЦЕГ-ын НХЖХГ-ын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Амарсанаа болон Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд хэсгийн байцаагч нар оролцлоо.
2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуйн нэгж байна. Мөн түүнчлэн нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байгаа нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа юм.
Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн гэсэн дүн гарч байна. Архиаас болж осголт, хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарсан. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа. Шинэчилсэн хуулийн төсөлд спиртийн өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана. Дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан тооцно. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг хориглоно. Мөн төрийн байгууллага болон төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээг согтууруулах ундаа хэрэглэн тэмдэглэхгүй гэх мэт олон өөрчлөлтүүд орж буйгаараа онцлогтой.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ