Спортлог байхдаа илүү гоо сайхан

Гарчиг хараад гайхаж байна уу та. Юу хэлэх гэснээ одоо тайлбарлая. Сочигийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд ид өрсөлдөөн өрнөж, энэ спортод элэгтэй дэлхий нийт анхааран ширтсэн өдрүүд үргэлжилж байна.

Мөсөн талбай дээрх урлаг, гоо сайхан, спортын холимог гайхамшиг болсон уран гулгалт бол гайхамшигтай спорт.

Тэндээс л жинхэнэ гоо сайхныг харж болохоор. Ер нь спортоор дамжуулан гоо сайхнаа илэрхийлэх шиг сайхан зүйл үгүй бололтой. Үүнийг л охид бүсгүйчүүд, залууст мэдрүүлэх хэрэгтэй.

Монголоор дүүрэн хэзээ хаана яаж болсон нь тодорхойгүй миссүүд байдаг.

Мөн фэйсбүүкээр дүүрэн нүцгэн шалдан зургаа тавьж олны анхаарлыг өөртөө татах гэсэн хэсэг бүлэг бүсгүйчүүд бий. Тэдэнд хандаж дээрх үгийг хэлэх нь зүйтэй болов уу.

­Гоо сайхнаа бусдад гайхуулахыг хүсвэл спортоор дамжуулж илэрхийлбэл тэр үнэхээр гоо сайхан мөн бололтой. Төр засаг ч энэ спортын төрлийг Монголдоо хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулвал зүйтэй мэт. Тэгвэл ямар олон сайхан охид залуус энэ спортоор хичээллэж өөрийн гоо сайхнаа гайхуулах бол доо.

Загварын тайзанд алхаж болсон болоогүй мисс, топ болохын оронд энэ спортоор хичээллэж, хөдөлмөрлөж чадвал хичээл зүтгэлээ бусдаар үнэлүүлж улмаар дэлхийн тавцанд өрсөлдөхийг ч байг гэх газаргүй билээ.

Тэр цагт монгол охидын маань гоо сайхныг дэлхий нийт бахдах нь тодорхой бизээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ