Н.Чулуунбаатар: Охинд маань эрүүл эрхтэн алга

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Ч.Баттуул давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг хэлэлцэх тов одоогоор гараагүй байгаа юм. Тэр одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Ингээд түүний биеийн байдлын талаар Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатартай ярилцлаа.
-Ч.Баттуулын биеийн байдал хэр байна?
-Биеийн байдал нь их тааруу байна. Тиймээс эмчлүүлэх хүсэлтийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид гаргасан. Тус хорихын эмнэлэг бол сумын эмнэлгийн дайтай л эмнэлэг байна. Аягүй бол тэр дайнд хүрэхгүй ч байж магадгүй. Ерөнхий эмчтэй нь уулзлаа. Ашгүй, ангийн дарга, орлогч нь нар намайг хүлээн авч уулзсан. Тэдэнд баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй.
-Тэгээд юу гэж байх юм?
-Би өмнө нь удаа дараа хүсэлт гаргаж байсан. Охин маань ингээд 700 гаруй хоног буюу хоёр жил гаруй хугацаанд хоригдлоо. Хөдөө цэвэр агаарт цоо эрүүл өссөн тулдаа л охин маань тэсэж байна. Гэхдээ бие эд эрхтнийх нь эд эсэд өөрчлөлт орсон байна гэсэн. Уушиг, бөөр, ходоод гээд эрүүл юм алга. Гэтэл ходоодоор нь дамжуулж бусад өвдсөн эд эрхтнүүдийг нь эмчлэх гээд байдаг. Ходоод нь өөрөө ямар нэгэн зүйл хүлээж авч чадахгүй, шингээж болохгүй байхад түүгээр нь дамжуулж бусад эрхтнийг нь эмчилнэ гэх юм.
-Хаана эмчлүүлэх хүсэлт гаргасан юм бэ?
-Дүүргийн эмнэлэгт л эмчлүүлье гэж хүсэлт гаргасан.
-Хүсэлтийн хариу ирсэн үү. Хэзээ ирнэ гэж байна?
-Эмнэлэгт эмчлүүлэхийн тулд батлан даалтад гаргах ёстой. Гэтэл олон саад бэрхшээл байгаа учраас тэр нь бүтэх эсэхийг мэдэхгүй байна. Юутай ч Хүний эрхийн Үндэсний комисст хандсан. Тэд охинд маань санаа тавьж, дэм өгч их тус болж байна. Үнэхээр баярлаж байна.
-Давж заалдах шатны хурал хэдийгээр байна. Өнгөрсөн нэгдүгээр сард товлоод хойшлогдсон?
-Цагаан сарын өмнө хуралдахаар товлогдсон ч өмгөөлөгч авто осолд орсон гээд хойшлуулсан. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Гэхдээ ирэх гуравдугаар сарын 10-даар товлогдох болов уу. Олон ноцтой сэжүүр гарч байхад байцаагч Н.Уянга шалгаагүй. Байцаагч Н.Уянга бол захиалгаар ажиллаж байна гэж би ойлгож байна.
-Хэний захиалга байгаа гэж бодож байна вэ?
-Энэ асуултад бол би Д.Дорлигжав прокурорын сонинд хэлсэн үгийг хэлмээр байна. Нэгдүгээрт, Төрийн гутамшгийг илчлэхэд Д.Дорлигжавт өөрт нь хэцүү байгаа юм. Өөрөө тэгж хэлсэн, бичсэн. Нөгөө талаас “Танилын нүүр халуун”. Тэгэхээр өөрт нь хэцүү байдаг юм байна. Цагдан хорих 461 дүгээр ангид архагшсан муу муухай ажиллагаанууд байдаг. Тэнд ажиллаж байгаа, ялангуяа миний гомдолд дурьдаад байгаа төлөөлөгч Т.Алтантамир гэж эмэгтэй байна. Урьд нь Хятадуудаас хахууль аваад ахмад цолоо хураалгаж байсан эмэгтэй. Тэр хүн төрийн ажлыг мөнгөний бизнес болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй таван тэрбумын хэрэгтэй Хулан гэгчийн захиалгаар миний охиныг зохион байгуулалттайгаар дарамталж байна. Үүний эсрэг миний охин хоёр удаа өлсгөлөн зарласан. Хоёр ч удаа өвлийн ид хүйтнээр сахилгад суусан. Сэтгэл зүйгээр нь их хямрааж байна. Төлөөлөгч Т.Алтантамирын эрх мэдэл дэндүү том юм. Энэ нь тус ангийн нэр хүндийг их унагаж байна даа.
-Ямар учраас Хулангийн захиалгаар охиныг тань дарамтална гэж. Энэ хэрэгт Хулангийн оролцоо?
-Охины маань хэрэгт шалгагдсан, хамааралтай Жаргалан гэж хүний төрсөн эгч. Тэр утгаараа охиныг минь хямрааж, дарамталж байна.
-Тэгээд Т.Алтантамир төлөөлөгчийг шалгуулах хүсэлт гаргаж байв уу?
-ШШГЕГ-ын даргад гомдол гаргаж байсан. Үүний хариуд Мурат гэх хурандаа Т.Алтантамирт авсан арга хэмжээг танилцуулсан.
-Ямар арга хэмжээ авсан байх юм?
-Хоёр сар цалингын 20 хувиар торгох. Таван тэрбум төгрөг идээд шоронд орсон Хулангаас өчнөөн төгрөгийн хахууль авсан хүнд цалингийн хувиар торгох ямар тусах вэ. Ийм л байна шүү дээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ