Өлсгөлөн зарлаад ч хамаагүй гэр орноо авч үлдэнэ

Голден парк хотхоны 3000 орчим оршин суугч болон Материал импекс компанийн хооронд үүсээд буй маргааныг шийдсэн шүүхийн шийдвэрийн улмаас нөхцөл байдал хүндэрч олон нийтийн эрх ашиг хөндөгдөөд байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлсэн. Тэгвэл мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг Голден парк хотхоныг зорьж оршин суугчидтай уулзсан юм.
Баянгол дүүргийн IV хорооны иргэн, тус хотхоны оршин суугч Г.Бямбажав:
Танай хотхоны оршин суугчид шүүхийн шийдвэрээс болж хохироод байгаа талаар мэдээлсээр байна. Таны хувьд энэ асуудал дээр ямар үзэл бодолтой байна?
{!!!left!!!}- Би нэгэн хувийн компанид ажилладаг, Голден парк хотхоны олон мянган оршин суугчдын л нэг. Энэ асуудлыг сайн мэдэж байгаа. Шүүхийн шийдвэрээс болж олон ард иргэд бид хохирч байгаад гомдолтой байна. Материал импексийн захирлын талд үйлчилж байгаа шүүгч биднийг хүн гэж тоож үзэхгүй байна гэдгийг л төр түмэнд уламжилж өгөөрэй. Орон сууцны үнийг 100 хувь бэлэн мөнгө төлөөд авдаг хүмүүс ховор байгаа. Манай хотхоны 700 гаруй айл ч гэсэн тийм. Гэтэл шүүхийн шийдвэрээс болоод байрныхаа ордерыг гаргуулж авч чаддаггүй. Ийм нөхцөлд банкны зээл үнэхээр хүнд байдалд орж байгаа юм. Төр засаг яаралтай энэ асуудалд анхаарч иргэдийнхээ талд шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Хотхоны оршин суугчдын нэг А.Алтанхуяг гуайтай уулзав. Тэрээр:
- Материал импекс компани энэ газар дээр барилгын компанитай харилцан тохиролцож дээр нь орон сууц бариулчихаад, олон айлыг орчихоод байхад нь хорлож байгаа юм шиг шүүхээр өөрийн талд шийдвэр гаргуулж байна. Одоо газраа чөлөөлж байна гээд иргэд биднийг хүчээр гудамжинд хөөж гаргах уу, тэгдэггүй юмаа гэхэд банкны зээлээр энэ байрыг авсан хүмүүс маш их хохирч байна. Байдал цаашид яах эсэх нь тодорхойгүй хүнд байна. Иргэд бид тэмцэнэ тэмцэнэ л гэдэг. Мөнгөтэй компанийг бид дийлэхгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бид захидал илгээсэн. Ардчилсан ерөнхийлөгчийн маань сонорт хүрч иргэд биднээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Баянгол дүүргийн IV хорооны иргэн, Голден парк хотхоны оршин суугч Н.Балжир:
- Манайх залуу гэр бүл. Хамаг байдгаа шавхаж зээл авчихаад одоо эргээд зээлээ ч төлж чаддаггүй, байрны ордер нь ч гардаггүй, гудамжинд ч гаралтай биш үнэхээр хэцүү байна. Энэ олон айлын эрх ашгийг бодоод төр засаг маань анхааралдаа авна гэдэгт л итгэж сууна даа. Материал импексийн захирал хүүхэд хөгшид шуугисан энэ хотхоны иргэдийг гудамжинд гаргаад ч болтугай санасандаа хүрнэ гэдэг бололтой. Үнэхээр мөнгө цагаан нүд улаан гэгч л ийм байдаг бололтой. Жагсвал жагсаад, өлсгөлөн зарлавал өлсөөд ч болтугай гэр орноо авч үлдэнэ.
Ийнхүү бидэнтэй таарсан Голден парк хотхоны оршин суугчид О.Зандраа гэгч шүүгчийн алдаатай шийдвэрээс болоод байдал хүндэрч гудамжинд гарах дээрээ туллаа, тиймээс бид жагсаж цуглаад ч болов, өлсгөлөн зарлаад ч болов гэр орноо авч үлдэхийн тулд тэмцэнэ гэсэн юм. Төр засаг ч энэ бүхэнд анхаарлаа хандуулж энэ олон өрхийн хөгшид хүүхдийг хөхөө өвлийн хүйтэнд гудамжинд гаргачихгүй байх хэмээн тэд найдаж байна.
Д.Баярмаа



СЭТГЭГДЭЛ БИЧИХ