Ч.Отгонцэцэг 70 дугаарт хурдаллаа

ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн XXII олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Чинбатын Отгонцэцэг 18:00 цагаас эмэгтэйчүүдийн 10 километрын гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж бариандаа ороод байна.
Манай тамирчин 38:43.1 хугацаанд үзүүлж 76 тамирчнаас 70 дугаар байранд орсон байна.
Энэ төрөлд Польшийн цаначин 31 настай Жастина Ковалчук 28:17.8 хугацаанд орж алтан медалийн болзол хангасан бол Шведийн Шарлотте Калла 28:36.2 хугацаанд хурдалж удаалан мөнгөн медаль, Норвегийн Терез Иохауг 28:46.1 хугацаанд барианд орсноор хүрэл медаль тус тус хүртээд байна.
Дашрамд дурдахад Шведийн Шарлотте Калла Сочигийн тэнгэр дор хоёр дахь мөнгөн медалиа хүртээд байна.
Манай тамирчин Ч.Отгонцэцэг 1991 онд төрсөн бөгөөд Олон улсын цанын холбооны /FIS/ 235,90 оноогоор олимпд оролцож байгаа. Харин эрэгтэй гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж буй Болдын Бямбадорж маргааш буюу хоёрудугаар 14-нд мөн 18:00 цагаас хурд сорино.
Одоогийн байдлаар олимпийг Германы тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ