Булган нутгийнхны золголт болжээ

Булган аймгийн уугуул иргэдийн сар шинийн анхны золголт энэ сарын 9-нд “АСА” циркт болов.
Уг арга хэмжээг санаачлан зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Булган аймгийн залуучуудын холбоо,ерөнхий ивээн тэтгэгчээр “Модун хаан” групп ажилласан юм.
Улаанбаатар хот дахь Булган аймгийн залуучуудын холбооны Тэргүүн Б.Эрдэнэбат, “Моодун хаан групп”-ийн Захирал Д.Хишигжаргал нар нээлтийг хийж нийт Булганчууддаа хандан үг хэлэв.
Нээлтийг Булган аймгийн үе үеийн Анхдагч нарын тухай баримтат киногоор эхлүүлсэн нь цугласан олны талархлыг хүлээж байв.
Ийнхүү золголтын хүрээнд олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдсан.
Тодруулбал, сум сумдын мэндчилгээ, үндэсний бөхийн барилдаан, Булганчуудын урлагийн тоглолт, буян заяа тэгшитгэж ном хурах гэх мэт үйл ажиллагаа болсон юм.
Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан А.Сүмбээ, Б.Хашбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Тамир нарын тэргүүтээ бөхчүүд зодоглосноос Гурванбулаг сумын харьяат Б.Бат-Эрдэнэ арслан түрүүлж, Бүрэгхангай сумын харьяат А.Сүмбээ арслан үзүүрлэсэн юм.
Мөн Булган аймгийн харьяат урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирж ая дуугаа өргөснөөс гадна гавьяатууд хүрэлцэн ирэв.
Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жавзандулам тэргүүтэй урлаг соёлынхон ирж уугуул нутгийнхандаа мэндчилгээ хүргэв.
Ийнхүү Булганчууд бүхэл бүтэн таван цаг хамтдаа халуун дулаан уур амьсгалаар дүүрэн өнгөрөөж, олон жил бараа бараагаа хараагүй явсан хүмүүс ч энэ золголтод тааралдаж нулимс дуслуулан буй торгон агшин ч харагдаж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ