Манай тамирчин хугархай хөлтэй уралджээ

-Олимпийн дэлгэцийг сурвалжилсан нь-2 -
Олимпийн эрх авахгүй бол зардлаа хувиасаа төлнө гэсэн амлалт өгч тэмцээнд явжээ
ТВ5-ын спортын тайлбарлагчид муу байна хэмээн гомдол гаргагчид үнэндээ бол үзэгчид биш телевизийн салбарынхан байдаг бололтой. Аль ч телевиз өвлийн спортын нэвтрүүлэг дамжууллаа гээд цанын төрлүүдийг Ванкувер, Турины олимпод оролцсон Э.Очирсүрэн, Л.Дорж багш, биатлоны төрөлд Биатлоны холбооны ЕНБДарга, тэшүүр гэхэд улсын аварга Ч.Дагвадорж гуайгаас өөр тайлбарлах хүнгүй аж.
Тиймээс тэд нөгөө л тайбарлагч муу байна гээд өөлөөд байсан хүмүүсээрээ л тайлбарлуулахаас өөр замгүй. Өвлийн спортын хөгжил муу байгаа энэ цагт өдий зэргийн хэмжээнд тайлбарлаж эх хэл дээрээ үзэгчдэдээ шууд дамжуулж хүргэхээс өөр яах вэ дээ.
Жишээ нь цанын төрлүүдийг тайлбарлаж байгаа Э.Очирсүрэнгийн тухай тэр бүр хүмүүс мэддэггүй домог шиг нэгэн түүх байдгийг уншигчдадаа хүргэе. Э.Очирсүрэн 2006 онд Турины олимпод оролцох эрхээ анх Германы дэлхийн аваргад уралдаж авсан гэдэг. 2002 оноос хойш цанын шигшээ багт хичээллэсээр олимпийн эрх авч уралдаж үзсэн тамирчинд дараагийн олимп буюу Ванкуверийн олимп санаанд багтаж л байж.
Олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад өрсөлдөхөөр Хандгайтад бэлтгэлээ хийж байтал шагайгаа мулталж арын жижиг яс нь хугарсан байжээ. Турины олимпиос нэг жилийн дараа хүүтэй болж арав гаруй жил орон гэр, үр хүүхдээ нөхөртөө даатгачихсан болохоор “Ванкуверт орчихоод л спортоо орхиж, сайн гэрийн эзэгтэй, ээж болно” гээд амлачихсан байж. Гэтэл унаад босоод иртэл олон жилийн хичээл зүтгэл хамаг хүсэл мөрөөдөл, амлалт талаар болсон байжээ. Цанаар битгий хэл зүгээр ч явж чадахгүй байсан тул дэлхийн аваргад оролцох гэхэд нь спорт хорооноос “Чи ямар паралимпийн тамирчин биш” гээд зөвшөөрөхгүй байжээ. Сүүлдээ аргаа бараад дэлхийн аваргад ороод олимпийн эрхээ авч чадахгүй бол 6 сая төгрөгийн зардлаа хувиасаа буцааж төлнө гэсэн өргөдөл бичиж ам өгөөд явсан гэдэг.
Дэлхийн аваргад очоод эцсийн мөчид л цана дээр гарах хэрэгтэй тул уралдааны замаараа явган явж судалж тактикаа боловсруулж байжээ. Тэгээд цаг ч болж найман цагийн зайтай уух өвчин намдаах эмийг 10, 10 минутын зайтай ууж, монгол аргаараа хөлийн бэртлээ боож баглаад, уян гипстэй уралдааны замд гарч. Улмаар олимпийн эрх авч барианд орохдоо багштайгаа хамт асгартал уйлахад гадныхан түрүүлчихсэн биш юундаа уйлдаг байна гээд их гайхаж байсан гэдэг.
Ингэж л тамирчин хүн олимпод оролцохын төлөө хамаг бүхнээ зориулж тэсвэр хатуужлын дээдийг үзүүлдэг аж. Мөн ийм тамирчин одоо цана тайлбарлахгүй гэвэл өөр хэнийг гэхэв.
Ц.Элбэгдоржийн тус дэм
2004 онд Э.Дагиймаа одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ерөнхий сайд байхад нь албан өрөөнд нь уулзжээ. Уулзалтын зорилго нь Монголын ард түмэнд цэнхэр дэлгэцээр олимп үзүүлэх. Ц.Элбэгдорж ч Э.Дагиймаагийн саналыг дуун дээр дэмжиж тэр үед цорын ганц МҮОНТ-ээр дамжуулах байсан сигналыг чөлөөлж хувийн хэвшлийн телевизүүд дамжуулах боломжийг гаргаж өгчээ.
Ингэснээр ТВ5 телевиз Афины олимпийн албан ёсны эрхийг худалдан авч телевизийн түүхэнд анх удаа Монгол Улсын телевиз олимпийг газар дээрээс нь шууд дамжуулсан нь тэр аж.
2006 онд Турины өвлийн олимпийн өмнө ч Ц.Элбэгдорж зуны гэлтгүй дөрвөн жилд ганц удаа явагддаг өвлийн олимпийг ч мөн та нөхөд дамжуулж ард түмэнд хүргэх хэрэгтэй. Олимпизмийг улс эх орондоо сурталчлах залуусын спортоор хичээллэх сонирхлыг дэмжих хамгийн том ажил бол олимп дамжуулах явдал шүү хэмээн захиж байжээ.

Мөн тэр үедээ бизнесийнхэнд уриалга гаргаж Турины олимпийг дамжуулахад спонсор олж өгч байсан ч гэдэг. Тиймээс өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмыг цэнхэр дэлгэцээрээ шууд үзэх ийм сайхан боломжийг ард түмэндээ олгохын тулд ихэд хичээж зүтгэдэг, улмаар олимпизмийн үйл хэрэгт элэгтэй улстөрч гэдгийг дашрамд дурдая.
Олимпийг ТВ5-тай хамт
Арван жил монголчууд ТВ5-ын дэлгэцээр тасралтгүй олимп үзэж ирлээ. Тэд анх хэлтэй устай спортын сэтгүүлч бэлтгэдэг байсан бол одоо олимпийн мэргэжлийн тайлбарлагч бэлдэж эхэлж. Монголдоо анх удаа олон улсын стандартын дагуу баригдсан телевизийн оффистоо нүүж ороод удаагүй байхдаа олимп дамжуулсан нь олимпизмийг хүндлэх соёлын бас нэг илэрхийлэл.
Атаархуу нэг нь ТВ5 бусдыгаа хуурч эрх авах, дамжуулахын тулд эртнээс байшин саваа бэлдэж байсан хэмээх. Мэргэжил нэгтнүүддээ урам өгөхийн оронд ажил үйлсийг нь хараар будаж буй нь өнөөх монголчуудын тамын тогооны үлгэрийг санагдуулах. Бид ТВ5-ын олимп дамжуулах гал тогооноос хийсэн сурвалжлагаа ийнхүү өндөрлөж байна. Тус телевизийн хамт олонд олимпизмийг монголдоо хөгжүүлэх үйл хэрэгт нь ажлын өндөр амжилт хүсье.
Н.Умард
Гэрэл зургийг Г.Бат-Орших
СЭТГЭГДЭЛ БИЧИХ