Тэд бидний өмнөөс тулалдсан

Манай тамирчид Сочигийн өвлийн олимпод амжилттай оролцлоо. Өвлийн олимпийн түүхээ бид шинэ хуудсаар баяжууллаа гэсэн үг. ОУХМ Болдын Бямбадорж, ОУХМ Чинбатын Отгонцэцэг нартаа монголчуудынхаа, уншигчдынхаа өмнөөс баярлалаа гэдэг үгийг хэлье.

Оросын “Тэд эх орныхоо төлөө тулалдсан” нэртэй нэгэн алдарт зохиол байдаг билээ. Түүн шиг Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нарыг бидний өмнөөс олимпийн тэнгэр дор алтан соёмбот далбаагаа өргөн уралдсан гэж хэлэхэд болно.

Гэтэл цахим ертөнцөөр тамирчдыгаа 70, 80-д орлоо хэмээн бухимдаж элдвээр хэлж доромжлох явдал их гарч байна. Манай улсын өвлийн спортуудын хөгжил ямар түвшинд билээ, төр засаг бизнесмэнүүд хэр дэмждэг билээ, хүүхэд залууст тэдгээр өвлийн спортуудыг сонирхон хичээллэх зам талбай техникийн боломж хэр билээ гэдгийг юун түрүүнд бодолцох хэрэгтэй юм.

Ийм нөхцөлд тэд бидний өмнөөс уралдаж эх орныхоо нэрийг гаргаагүй бол өөр хэн орох байсан гэж. Чөлөөт, жүдо бокс шиг олон тамирчид байхгүй, ёстой л бор зүрхээрээ тэсвэр тэвчээр гарган зүтгэсэн цөөн хэдхэн тамирчид багш дасгалжуулагч нар л энэ хэцүү албыг нэр төртэй буухиалсаар яваа.

Ухвар мөчид зарим нэгний бодлоор бол олимпод орсон л бол медаль авчрах ёстой үгүй бол хараал, доромжлол хүртэх ёстой бололтой.

Олон жил өвлийн олимпод хүчтэй өрсөлдсөн өрнөдийн өндөр хөгжилтэй цас мөсний орнуудтай өрсөлдөх амаргүй. Тэдэнтэй спортод адтай хэдэн зуун сая хүн амтай дэлхийн эдийн засагт дээгүүр байр эзэлдэг зарим орнууд хүртэл өрсөлдөж чаддаггүй.

Бразил, Аргентин, Энэтхэг хүртэл ямар ч медальгүй манай улстай зэрэгцэн Сочигийн медалийн хүснэгтэд бичигдэж байгааг юу гэж ойлгох вэ. Зуны олимпод медалийн тоо, чанараараа тэргүүлэгч хятадууд хүртэл тэрбум хүнийхээ дундаас тамирчдаа шигшиж асар өндөр хангамж, үүрэг хариуцлагатайгаар өвлийн олимпод бэлдээд бэлдээд есдүгээр байрт бичигдэж тэргүүлэгчдийн эгнээнд орж чадахгүй байгааг ч энд дурдаж болно.

Учир иймд манай улсаас өвлийн олимпод далбаагаа намируулан оролцож тамирчид нь хэддүгээр байрт орсон ч хамаагүй спортын түүхээ тасралтгүй бичсээр байгаад би хангалттай сэтгэл хангалуун байна.

Тэсвэр тэвчээрийн эзэд болсон өвлийн спортын тамирчдаа твиттерийн цаанаас доромжлохын оронд урмын ганц үг хайрлаж дэмжих хэрэгтэй болов уу.

Манай улсад цөөн хэдэн спортоос бусад спортод төр засаг, бизнесмэнүүд олон нийт анхаарлаа хандуулахгүй байгаагийн нэг жишээг энэ дашрамд уншигчдадаа дамжуулая. Гүйлтийн спорт зэрэг цэнгэлдэх хүрээлэнд хийдэг хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд зам талбай байхгүй ядаж улсын аваргаа хийх гэхээр Төв цэнгэлдэх хүрээлэн түрээс нэрээр их мөнгө нэхдэг. Аргаа бараад улсын аваргын тэмцээнээ төв цэнгэлдэхийн гадна талаар тойрч гүйж хийчихээд гадаад дахь тэмцээн уралдаандаа явдаг тухай гавьяат тамирчин Б.Сэр-Од хуучилж байлаа. Яг ийм зовлон бусад спортын тамирчдын өмнө тулгарсаар байгааг энэ жишээгээр сануулах гэсэн юм.

Дахин сануулахад тэд бидний өмнөөс "тулалдсан". Тэд биш бол хэн байх байсан гэж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ