Америкчууд эцсийн мөчид Оросын шигшээг буулган авлаа

Өвлийн спортын хаан спорт гэгддэг хоккейн гайхамшигтай нэгэн тоглолт олимпийн тэнгэр дор болж өнгөрлөө. Сочигийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн төрөлд хэсэгтээ төдийгүй бүхий л хэсгүүдийн хамгийн хүлээлт бүхий тоглолтоор тодроод байсан А хэсгийн ОХУ-АНУ-ын шигшээ багийн тулгаралт боллоо. Улаанбаатарын цагаар 20.30-д эхэлсэн тоглолт бүхий л хугацааны туршид өрсөлдөөнтэй, догдлуулсан мөчүүдээр дүүрэн байсаар америкчууд эцсийн мөчид буллитсд ялж 3:2-ын харьцаагаар өрсөлдөгчдөө буулган авлаа.

Тоглолтын эхний шайбыг хоёрдугаар үед (2:40) АНУ-ын Кэм Фоулер Оросын багийн хаалганд хийсэн бол тэнцээний шайбыг оросуудаас багийн ахлагч Павел Дацюк хийсэн.

Улмаар гуравдугаар үед Жое Павелски, Павел Дацюк нар тус тус гоолдож тоглолтын тооны харьцаа 2:2 болж эн тэнцүү өрсөлдөөнөөр нэмэлт цагт орсон юм. Нэмэлт цаг гоолгүйгээр дуусаж буллитс явснаар эцсийн мөчид АНУ-ын шигшээ багийн Tи.Жи Оши Оросын хаалгач Сергей Бобровскийн хаалганд шайб оруулснаар энэ гайхалтай тоглолтын ялагчаар америкчууд тодорсон юм. АНУ-ын шигшээгийн хувьд өмнө нь нэг хэсэгт багтсан Словакийн шигшээг 7:1-ээр илт давуу ялсан бол талбайн эзэн оросууд Словенийг 6:0-ээр мөн л илүүрхсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ