Амьтан алах, алсанаа гайхуулах гаж дон

Амьтны амь тасалж, аллага таллагаараа гайхуулах вампир, садист маягийн гаж донтонгууд үйлийн үрээ эдэлж, торгууль шийтгэл хүлээж эхэллээ.
Санал бодлоо хуваалцах индэр сошиал сүлжээг хамгийн социаль бусаар ашиглаж, хурдан буу, нисдэг тэрэг, хүчтэй машин, эд мөнгөний хүчээр байгаль дэлхийдаа яваа амьтны амь таслаад зогсохгүй түүнийгээ сайрхан гайхуулах гэж байж олны дургүйцэлд өртөн, торгууль зэм хүлээсэн танил нөхөд зөндөө байна.
Чонын анчин Рааш хэмээх Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 270 чоно авлаж, амь тасарсан бүтэн нэг хороо “дайсан”-ыхаа цогцосны дэргэд Халхголын дайны баатар мэт татуулсан патиар тарьсан шуугиан, хөнөөсөн амьтныхаа тоогоор түрүүлж байна. Аймгийн төв алагдсан чонын хүүр овоолгын үзэсгэлэн гаргасан нь хүмүүнлэг энэрэнгүй цаг доорх эвгүй акц болсон юм. Сонгогдсон тойрог Говь-Алтайд нь малын эрлэг чонын довтолгоо ширүүссэн тул дайснаа дарж дархан цолоо мандуулсан гэж тайлбарлаж байсан. Ихэс дээдсийн хориг өтөг Бурхан Халдуны дээгүүр нисдэг тэргээр дүүлэн зэрлэг гахайн ан ав хийсэн. Нэг нутгийн уугуул Б.Соронзонболд заан нь гахай үүрээд явсан зураг анх дэлгэгдсэнээс ихсийн оршсон, үеийн үед дархан дагшин хэвээр байгаа Бурхан Халдуны дээр хөхрөх мөнх хөх тэнгэрийг зүссэн нисдэг тэрэгтэй анчдын хөг илэрсэн юм байна.
Генерал Жадамбаагийн хүү Энхбаяр хожим нь аавынхаа хашиж байсан Батлан хамгаалахын сайдын албанд нэг жил сууж өв залгасан. Ж.Энхбаяр Цэргийн ерөнхий сургуульд нэг жил сонгогч, Батлан хамгаалахын сайдаар мөн ганц он дүүргэж, цэргийн үүрэгтний 2 жилийг тун олз омогтой дүүргэсэн анчин хүн юм.
Хошин шогийн Б.Баатархүүгийн хорлонт шог үйлдэл

Б.Баатархүү өөртөө лусын хорлол дуудаж, хилэм хэмээх улаан номонд орсон загас агнаснаа гайхуулсан зургаараа жиргэж олныг баясгах гэж байгаад олныг уурлуулж өөрийгөө илчилж орхисон. 1998 онд хүнээс урт том хилэм авласнаа гайхуулсан зургаа “Сэрүүлэг” сонинд хэвлүүлсэн залуу ял шийтгэл авч байв. Бие чилээрхүү байгаад эдгэсэн Б.Баатархүү ховор загас авлаад зогсоогүй. Согоо, чоныг нь урдуураа өнгөрүүлэх дургүй, өөрийн бахархалтайгаар татуулсан патиараараа гэм буруугаа баримтжуулжээ. Хошин нь хорлол, шог нь шоглол болов.
Н.Номтойбаярын “Сумтайбаяр”-ын сүүдэр зураг

УИХ-ын гишүүн, буу, хутга мэт халуун хүйтэн зэвсэгний дуулианы эзэн Н.Номтойбаяр ховорхон хүчирхэг сайхан амьтан хөвчийн хүрэн баавгай хөнөөн, хөрч амжаагүй чихнээс нь атган суусан зураг. Хүдэр Ерөө зэрэг хөвч тайга суунагласан Сэлэнгийн нутагт хүрэн баавгай агнажээ.
Амбийгийн амь таслах амбийц

Эмэгтэй хүний дүрд эрэгтэй хүн хувилах, ааштай тэнэг хадам ээж, эрүүлжүүлэхэд хонодог хүргэн зэрэг тулга тойрсон эмгэнэлт гараануудаар баяжсан ч жилдээ сая төгрөгийн татвар төлж чаддаггүй хошин шогийнхон улс төрчдөөс алах талах, авлах хөнөөхөөр дутахгүй амбийцтай байна. Амбийгийн амбиц хөдөлж алаад хаясан байх юм. Хоёр том жийпний өмнө хоёр чоно цааш харуулсан, сахал самбаа ургуулсан Амбийг алан хядагч юм биш байгаа гэж андуурлаа шд.
Буруу явбал хатуу замбуулин

Өөр хүний эхнэрт битүүхэн санаархах мэтийн өр зөөлөн дуу гингэнүүлдэг гавъяат С.Батсүхийн зураг, гартаа барьсан амьтан мэт нь эдэн дотроо хамгийн хөнгөн нь. Зөв явахад зөөлөн замбуулин гэж дуулдаг С.Батсүх боодог идэх буруу хорхойтой юм байна. Урд насандаа эрхий мэргэн харваач байсан, харзны ус ууж, хар өвс идэж харанхуй нүхэнд амьдрах болсон домогтой тарвага цөөрсөн учраас авлахыг хориглосон билээ. Гавъяат идэх уухаа сайрхсан биш торгуулийн ял зэм хүлээх болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ