Э.Эрдэнэжамъянгийн асуудлаар Интерполоос хариу өгчээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэмээн өнгөрсөн онд АТГ-аас шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байхад Интерполд захиа илгээсэн байдаг. Улмаар түүнийг захиа илгээсний дараахан Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоосон юм. Харин энэхүү үйлдлийг Монголын хуулийн байгууллагаас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн захидлаас болсон хэмээн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шалгаж, Чингэлтэй дүүргийн шүүхээр хянан хэлэлцсэн билээ. Гэвч шүүхээс нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш уг хэргийн дуулиан намжсан юм. Тэгвэл энэ хугацаанд Интерполын товчооноос Монголын Интерполын товчоонд хариу бичиг илгээжээ. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас тодрууллаа.

-Таны Интерполд захиа илгээсэн гэх хэрэг юу болсон бэ?

-Шүүхээс хэргийг хянаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хугацаанд мөрдөн байцаагчийн зүгээс Интерполын товчоонд албан бичиг явуулсан байдаг юм билээ. Тодруулбал, Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж байсан ажлаа яагаад зогсоосон юм бэ. Э.Эрдэнэжамъянгийн захидлын асуудлаас болсон уу гэж. Харин Интерполын товчооноос маш тодорхой хариу өгсөн байна лээ.

-Ямар хариу өгсөн юм бол?

-Монголын Интерполын товчооноос захидлыг үндэслэж, Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж эхэлсэн бас зогсоосон. Мөн дахин сэргээсэн. Өөрөөр хэлбэл, Э.Эрдэнэжамъянгийн захидлаас болж зогсоосон зүйл нэг ч байхгүй. Зөвхөн Монголын Интерполын албан бичгийг л үндэслэж, үйл ажиллагаагаа явуулсан гэсэн хариу өгсөн байгаа юм.

-Тэгвэл хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм байна. Тийм үү?

-Манай өмгөөлөгчид өгсөн тайлбараас харахад монголын холбогдох байгууллага заавал шүүхээр хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр удахгүй шүүх хурал болох байх.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян энэхүү тайлбарыг өгсөн юм. Түүний хэргийг Чингэлтэй дүүргийн прокурор Н.Отгонноров хянаж, өнгөрсөн баасан гаригт шүүхэд шилжүүлсэн байна. Ингэснээр шүүхээс хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, хурлын товыг гаргахаар болжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ