Н.ЭРДЭНЭБААТАР: Зүгээр нисч явсан энхийн цагаан тагтааг шүүрч аваачаад торны цаана хорьсон юм биш

УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба МБА татан буугдсанаар тус газарт шалгагдаж байсан олон хэрэг эзэнгүйдэж, танил талтай нэг нь хууль завших вий гэх болгоомжлол олны дунд тархаад байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд татан буугдаж, АТГ-т үйл ажиллагаа нь шилжээд байгаа тус албаны шалгаж байсан хүмүүсийн анхаарал татсан олон хэргүүд одоо болтол хэн дээр шилжиж ирсэн нь тодорхой бус, нүүдэл суудлын бужигнаантай байгаа нь ийм хардлагыг нийгэмд төрүүлж байгаа юм. Түүнчлэн МБА татан буугдмагц, тэдний хуулийн хүрээнд цагдан хорьж, саатуулан шалгаж байсан сэжигтнүүд “сиймхийгээр” суллагдсан нь ч дээрх сэжиг хардлагыг төрүүлэх шалтгаан болсон нь нууц биш.
Ингээд иргэн Н.Эрдэнэбаатартай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-“Ноёд” группын ерөнхийлөгч гэж өөрийгөө тодорхойлдог Г.Буяндоржтой та заргалдаж олон жил шүүхийн хаалга татаж яваа хүн. Түүний хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл нийгэмд тархаж байна. Хэрэгсэхгүй болно гэдэг хэрэг хийгээгүй гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэр хүн хэрэг хийгээгүй юм бол та хохирогч биш...?
-Би 2004 оноос эхлэн Г.Буяндоржтой иргэний бас эрүүгийн хэргээр өнөөг хүртэл маргалдаж яваа хүн. Энэ хугацаанд өр төлбөр барагдуулахаас санаатайгаар зайлсхийсэн үйлдэлд нь иргэн миний болон ШШГА-ны гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн Сангийн яамны 228 сая төгрөгийг улсын нэгдсэн төвлөрсөн дансанд тусгалгүйгээр, хуурамч бичиг баримт үйлдэн хууль бусаар луйвардаж авсан гэдэг хоёр хэрэг дээр миний гомдлоор түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнээс гадна 10 гаруй хохирогч бий. Тэдгээр хууль бус үйлдэл нь илэрч хэргүүд нь нэгтгэгдэн УЕПГ-ын дэргэдэх МБА-н дээр шалгагдаж байсан. Яагаад гэхээр хоёр шүүгчид нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан асуудал тэнд байгаа. Хуульчидтай холбоотой асуудлыг дээрх алба тусгайлан шалгадаг байсан болохоор Г.Буяндоржийн хэрэг тэнд шалгагдаж байсан юм.
Гэтэл УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу нэгдүгээр сарын 24-нд тус МБА татан буугдсантай холбогдуулан хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийн саналгүйгээр, прокурорууд үгсэн хуйвалдаж, хууль бусаар шийдвэр гаргаж, түүнийг цагдан хорьж шалгаж байсныг хугацаанаас нь өмнө яаралтай байдлаар таслан зогсоосон. Үүнд би хууль бусаар чөлөөлсөн гэдэг асуудлаар шат шатны байгууллагад гомдлоо гаргаж явна.
Яагаад гэхээр миний өр төлбөрийг барагдуулаагүйбайхадзалилангийн хэрэг хийсэн нь тогтоогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа түүнийг ингэж сулласнаар тэдгээр чөлөөлсөн хүмүүс миний өр ширийг барагдуулах юм уу. Би хохироод бүтэн 10 жил болж байна гэж хэлээд байхад гэм хорыг арилгаагүй байж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг суллаж чөлөөлөөд байдаг ийм хууль хяналтын байгууллага өнөөдөр оршин тогтнож байна шүү дээ. Энэ үйлдлийг Нийслэлийн Прокурорын газар түүний удирдлагатай холбоотой гэж үзэж байна.
Энэ хэрэгт хяналт тавьж байсан Эрхэмбаяр прокурорыг гадаадад байх үеэр Үүлэн гэдэг прокурор гарч ирээд санал гаргаж, түүнийг ахлах прокурор нь дэмжиж мөрдөн байцаагчийн саналгүйгээр гэнэт гаргасан шийдвэр юм. Түүнээс биш, иргэн Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл огт биш. Тэр Үүлэн гэдэг прокуророос “Та яагаад хууль бусаар хүн чөлөөлөв” гэхээр “Эхнэр Ариунаагийнх нь хүсэлтээр гаргасан” гэдэг тайлбарыг өгсөн.
Ийм инээдтэй зүйл ярьдаг хүмүүс л өнөөдөр манай хуулийн байгууллагад ажиллаж байна шүү дээ. ЭБШХ-ийн 70.2-р заалтад “Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн саналаар гаргана” гэж заасан байгаа. Харин өмгөөлөгч болон гэр бүлийнхэн аль ч шатанд хүсэлт гаргах л эрхтэй.
-Уучлаарай. Таны ярьж байгаа зүйл, нийгэмд цацаж байгаа мэдээлэл хоёрын өнцөг зөрөөд байх шиг. Шуудхан хэлэхэд та түүнийг хохироочихсон юм биш үү?
-Г.Буяндорж намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа миний болон компанийн нууцыг мэдэж аваад түүгээрээ нээнтэглэж их хэмжээний мөнгө буюу 700 сая төгрөг авсан гэж удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан.
Энэ бол Г.Буяндоржийн эзэмшсэн мэргэжил гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, хүнийг хохироочихоод буцаагаад элдэв аргаар гүтгэж өөрөө хохирсон болж жүжиглэдэг нь. Харин энэ талаар Арбитрын болон шат шатны шүүхийн шийдвэрт маш тодорхой заасан байгаа. Хөрөнгө хамтарч эзэмшиж байсан байна, явцын дунд хөрөнгөө хуваахдаа төдөн төгрөг өгнө гэж гэрээ хийсэн байна, энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна гээд дэлгэрэнгүй заачихсан байгаа.
Энэ мэтчилэн мэтгэлцсээр 10 жилийн хугацаанд их бага хэмжээний 27 шүүх хурлаар орж байж бидний асуудал шийдэгдсэн. Г.Буяндорж өөрөө их зальхай хүн учраас төлбөр төлөхөөс байнга зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоохын тулд бүхий л аргыг сүвэгчилж ирсэн.
Тэгэхээр миний хохирлыг барагдуулаагүй байхад түүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж байхгүй шүү дээ. Надад итгэхгүй бол төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа Нийслэлийн ШШГА болон энэ асуудлыг хариуцаж байгаа Зая гэдэг шийдвэр гүйцэтгэгчээс асуу. Тэд үнэнийг хэлээд өгнө.
Мөн Г.Буяндоржийг Сангийн яамнаас 228 сая төгрөгийг улсын нэгдсэн төвлөрсөн дансанд тусгалгүйгээр, хуурамч бичиг баримт үйлдэн хууль бусаар луйвардаж авсныг нь хөндлөнгийн шинжээч “Од бүртгэл” аудитаас шинжээч томилуулан үнэхээр луйвардсан гэдгийг нотлуулсан. Энэ нотолгоог мөрдөн байцаагч Баасандалай гэдэг хүн хуулинд заасныхаа дагуу Криминалистикийн төв буюу Шинжээч Нягтлан бодохын бүлэг томилуулж, үнэн гэдгийг баталсан.
Монголын Үндэсний Аудитын газар “Энэ нь хууль бус гүйлгээ байна” гэдгийг баталж Сангийн яаманд акт тавьсан байдаг. Энэ бүхэн нь түүнийг буруутай гэдгийг нотлох хөдөлшгүй баримтууд юм. Яахав, намайг худал зүйл хэллээ гэж Г.Буяндорж удаа дараа хэвлэл мэдээллээр цацдаг болохоор ард түмэнд Н.Эрдэнэбаатар гэдэг хүн худлаа ярьдаг мэт санагддаг байх.
Түүний үйлдсэн гэмт хэргүүд шалгагдаж байгаа. Хэрэгсэхгүй болоогүй. Энэ талаар хяналт тавьж байсан Эрхэмбаяр прокурортой очиж уулзахад “Хэрэг шалгагдаж байгаа. Одоохондоо харьяалал нь тогтоогдоогүй байгаа. Түр батлан даалтад гаргасан” гэсэн хариу өгч байна лээ.
-Тэр сунжирсан олон шүүх хурлын эцэст Г.Буяндорж танд хэдэн төгрөг өгөхөөр болсон юм бэ?
-Анх хийсэн гэрээгээр тэр надад 570 сая төгрөг өгөх ёстой. Энэ чинь 2004 онд хийсэн гэрээ шүү дээ. Түүнээс хойш өр төлбөрөө өгөхгүй болохоор 2005 онд Арбитрын шүүхэд өгсөн. Арбитр нь гурван шатны шүүх дамждаггүй нэг шатаар л эцэслэн шийдвэрлэдэг.
Гэтэл энэ хурал нь найман удаа зарлагдаж байж жилийн дараа 2006 оны дөрөвдүгээр сарын 13-нд шийдвэр нь гарсан. Үүнийг барьж гүйцэтгэлийн ажиллагаа хийнэ гэхээр элдвийн арга саам хийж, янз бүрийн байдлаар хойшлуулсаар 26 удаа буцсан юм.
Шүүх анхнаасаа л байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна, олгох ёстой мөнгийг нь олго гэсэн шийдвэр гаргасан л даа. Тэгэхдээ “Г.Буяндоржийн урьд нь олгосон байсан тодорхой хэмжээний бараа материалын үнэ 156 сая төгрөгийг хасаад 459 сая төгрөгийг Н.Эрдэнэбаатарт ...автомашины хамт олго” гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүнийгээ л одоог хүртэл авч чадалгүй бүтэн 10 жилийн нүүр үзэж байгаа хүн дээ би.
-10 жил ч урт хугацаа шүү. Тэр ер нь хэр “ороо” хүн бэ?
-Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болохоор ирдэггүй, худлаа ярьдаг, зугатаадаг, хойшлуулдаг, хүнд өр төлбөрөө барагдуулахгүй байхад ашиглаж болох бүхий л аргыг хэрэглэж зугатан зайлдаг хүн. Тиймээс ШШГА түүний хойноос уйгагүй хөөцөлдөж явсаар аргагүйд хүрч гэр орныг нь битүүмжилэхээр “Өө, энэ миний нэр дээр байдаг эд хөрөнгө биш.
Манай эхнэрийн нэр байдаг зүйл. Эхнэрийн хөрөнгөнд халдлаа” гээд 2012-2013 онуудад мөн шүүх хурлаар орсон. Шүүх гомдлыг авч хэлэлцээд “Гэр бүл болсноос хойших хөрөнгө бол дундын өмчлөлийн хөрөнгө. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зөв явагдсан байна” гэж эцэслэн шийдвэрлэсэн. Ингэж дамжсаар 27 хурал өндөрлөсөн.
-Нэгэн цагт санаа нийлж хамтарч ажиллаж байсан юм чинь эр хүн шиг сайхан уулзаж ярилцаад тохиролцож болдоггүй юм уу?
-Өр төлбөрөө хэрхэн төлөх асуудлаар өөртэй нь уулзая гэхээр зугатаад уулздаггүй. Уг нь Нийслэлийн ШШГА албан ёсоор дуудаад 2012 оны дөрөвдүгээр сард надтай уулзуулсан юм. Тэгэхэд “Өө, өгнө. Ядах юм байхгүй одоохон төлнө.
Тийм хугацаанд төдөн төгрөг өгнө” гэчихээд л зугатаад алга болсон. Хүнийг залилан мэхлэх ямар арга байна, түүнийг төгс эзэмшсэн хүн байхгүй юу. Шуудхан хэлэхэд энэ хүн бол зүгээр нэг төлбөр төлөөд, өр ширээ барагдуулаад хүнд хэлсэндээ хүрдэг хүн биш. Ямар нэг аргаар хуурах, мэхлэх, залилах, буруутгахад гарамгай л хүн дээ.
-Та түүнийг бусдыг залилж, мэхлэхэд мэргэшсэн гэх гээд байна уу?
Тийм ээ. Тэгж байна.
-Г.Буяндорж нэлээд хугацаагаар хоригдлоо. Гэр бүлийн хүн нь хэвлэлд “Миний хань бусдад гүтгүүлээд, хилсээр хэлмэгдлээ. Бусдын хуйвалдааны золиос боллоо” гэсэн байсан. Энэ хуйвалдаанд таны оролцоо хэр байв?
-Иймэрхүү асуудалд хохирогч ч бай, хохироогч ч бай өөрийгөө өмөөрөх нь тодорхой. Харин үндэслэлгүйгээр хүнийг гүтгэн гүжирдвэл өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг хуулинд заагаад өгчихсөн. Ер нь ямар нэг хэмжээгээр гэмт үйлдэл хийгээгүй хүнийг хорьж цагдана гэж байхгүй. Би өөрийнхөө гаргасан гомдлын дагуу үүссэн хоёр гэмт хэрэгт Г.Буяндорж буруутай болохыг хөдөлшгүй баримтаар нотолж байгаа. Үүнийг би цаашид ч хамгаална. Надад нотлох баримт нь байгаа учраас түүнийг хорьж шалгасан. Түүнээс биш, зүгээр нисч явсан энхийн цагаан тагтааг шүүрч аваачаад торны цаана хорьсон юм биш. Би хууль хяналтынханд нөлөөлөөд, тэд надаас авилга аваад шоронд хийчихсэн юм биш. Надаас хээл хахууль аваад Буяндоржийгбариад хорьчихдог тийм улс оронд амьдарч байгаа юм уу. Урьдын цагт тийм зүйл байсан л юм байгаа биз, одоо бол тийм юм байхгүй.
-Уучлаарай. Та чинь хүнээс 570 сая төгрөгөө авч чадахгүй арван жил болж байж бас бусдыг чадахын тулд гаргах мөнгө байх юм уу?
-Байхгүй ш дээ. Би одоо мөнгөө авъя гэж гүйсээр байгаадхийсэн ажил ч үгүй өчнөөн хохирлоо. Тэр үед авах гэж байсан 570 сая төгрөг одоо ханшийнхаа хувьд чихрийн цаас л болчихоод байна.
- Г.Буяндорж таныг олны хэлдгээр “мурьчихсан” энэ он жилүүдэд эхнэртэй нь уулзаж асуудлаа ойлгуулахыг хичээж байв уу. Нөхрийнхөө асуудалд огт оролцдоггүй гэсэн мессеж Т.Ариунааг тойрон эргэлддэг шүү дээ?
-Компаниас гарч, гэрээ хийгээд салснаас хойш би Ариунаатай уулзаагүй. Гэхдээ ШШГА-наас хийгдэж байгаа хууль ёсны ажиллагааны дагуу тэдний гэр орныг удаа дараа битүүмжлэх явцад тухайн албаныхны Т.Ариунаатай уулзаж бичиж авсан бичлэг байдаг. Түүнээс харахад нөхрийнхөө үйл ажиллагааг Т. Ариунаамэдэхийн дээдээр мэддэг юм байна гэсэн ойлголт төрсөн. Тэрээр “Өө, тэгчихнэ ингэчихнэ” гэж байгаа нь мөн л нөхрийнхөө адил бусдыг аргалах гэсэн оролдлого болж харагдсан. “Эхнэр нөхөр хоёр адилхан чёрт” гэж үг байдаг. Түүн шиг энэ хоёр яг адилхан юм байна гэдэг ойлголтыг би авч үлдсэн. Удаа дараагийн шийдвэр гүйцэтгэлд өгч байгаа хариу нь мөн залилах мэхлэх шинжтэй байдаг юм шүү.
-Түүнийг батлан даалтад гаргасанд та гомдолтой байна уу?
-Үүнээс өмнө би 6-7 удаа нийслэлийн прокурорт энэ хүнийг хорьж шалгаж өгөөч ээ гэж хүсэлт гаргаж байсан. Энэ хүн мөрдөн байцаах ажиллагааны явцад саад учруулаад байна, хэргийн ул мөрийн баримтыг бүдгэрүүлээд байна, бусдад нөлөөлөөд байна гэж нотлох баримттайгаар гомдол гаргаад байхад тоож үзээгүй. Тухайн үед Халиун прокурор хариуцаж байхдаа огт хөдлөөгүй. Эцэст нь, УЕП-оос даалгавар бичиж байж, энэ хэрэг шалгагдаж эхэлсэн. Тэгээд хоригдсон. Ингээд хэргийг шалгаж байтал хугацаанаас нь өмнө гэнэтхэн л хяналт тавьж байгаа прокурор нь гадаадад явсан хойгуур МБА татан буугдах үеэр харьяалал нь тодорхойгүй, мөрдөн байцаагчгүй байх үеийг ашиглан Нийслэлийн прокурорынхон хуйвалдан чөлөөллөө гэж би хувьдаа гомдолтой байна. Энэ гомдлоо өнөөдөр УЕП-т гаргаад л явж байна. Цаашдаа ч явна.
-Сайн сайханд хүрнэ л гэж та хоёр анх хамтарч ажилласан байх. Танай спиртийн үйлдвэр тухайн үедээ үйлдвэрлэлээрээ толгой цохиж байсан. Тэгээд зам салцгааж. Өнөөдрийн Буяндорж ямар үйлдвэрлэл эрхэлж байгаа бол?
-Хамтарч ажиллаж эхлэх үедээ зан ааш нь арай л өөр залуу байсан даа. Сүүлдээ мөнгө төгрөгтэй болоод ирэхээрээ надтай үл ойлголцох байдал үүсч эхэлсэн. Тэгээд л замаа бодохоор шийдсэн. Би хөрөнгө мөнгө авъя гээгүй юм шүү дээ. Зүгээр л оногдох хувийг тогтоогоод өгчих гэхэд хэдэн төгрөг өгье, тэгээд тусгаарлъя гээд түүнийг нь зөвшөөрөөд л салсан улс.Саналыг Г.Буяндорж өөрөө гаргасан. Үүнийг нотлох гэрчүүд бас бий. Одоохондоо нэрийг нь хэлээд яахав. Үүнийг уншаад тэд бүгд үнэн гэдгийг нь мэднэ шүү дээ. Би хөдөлшгүй баримттай юм л ярьж байна. Тэгээд авч үлдсэн үйлдвэрээ ч олигтой ажиллуулж чадалгүй байсаар А.Сүхбат аваргад нэг тэрбум 500 саяар зарчихсан гэдэг юм шүү дээ. Чухам тэр үедээ миний мөнгийг өгье гэвэл боломж байсан. Түүнээс ч хойш хятадуудаас 2 тэрбум төгрөг залилан авсан байдаг. Тэгэхэд ч өгөөгүй. Тиймээс энэ хүн өр төлбөрөө барагдуулж, асуудлаа шийдвэрлэе гэхийн оронд олсон мөнгөө МАН-д хандивлаж, тэгснээрээ тус намд шургалан орж, гэмт үйлдэл хийж түүнийгээ хандиваар зохицуулан шийдвэрлэж, тухайн үеийн Хууль зүйн яамны сайдын ивээлд багтаж явсан гэдэг яриа үнэний хувьтай гэж би боддог.Ингэж амьдраад өнөөдөр хол явахгүй шүү дээ. Миний хувьд түүнийг “Буруу замаар будаа тээж явна даа” л гэж боддог. Эр хүн алддаг гэхдээ энэ хүн санаатайгаар зориудаар ингэдэг юм болов уу гэсэн бодолтой явдгаа нуухгүй.
-Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд таны хохирлыг барагдуулахын тулд ямар хөрөнгийг нь битүүмжилж байсан юм бэ?
-Одоо амьдарч байгаа өөрийнх нь орон сууцны байшинг битүүмжилж байсан.Хан-Уул дүүрэгт байрлах Sky town дахь орон сууцыг нь битүүмжилсэн байхад эхнэр Ариунаа нь 2013 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр байх аа, өөр бусдад худалдсан байдаг юм. Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байрыг бусдад зарна гэдэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл л дээ.Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газрыг үүнтэй холбогдуулаад шүүхэд өг гээд хүсэлтээ гаргаад сууж байгаа. Удахгүй өгөх байх. Энэ бол Г.Буяндоржийн нэр дээр байгаагүй, Ариунаагийн нэр дээр байдаг хөрөнгө. Гэхдээ гурван шатны шүүх “Дундын өмчлөлийн хөрөнгө байна. Үүнээс төлбөр гаргуулна гэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зүйтэй” гээд тогтоочихсон байдаг.Мөн Ариунаагийн унадаг байсан улаан машиныг битүүмжлээд хураачихсан, шийдвэр гүйцэтгэлийн хашаанд байж байна. Одоогоор гэр орныг нь битүүмжилж эд зүйлийг нь хураагаагүй байгаа. Би шийдвэр гүйцэтгэлийнхэнд төлбөрийг минь шуурхай барагдуулж өгөөч гэсэн шаардлагыг тавиад л сууж байна. Одоогоор өөр хөрөнгө илрээгүй байна гэж хэлж байгаа. Өөрийнх нь нэр дээр сүүлийн хэдэн жил нэг ч компани байгаагүй. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр ШШГА-наас удаа дараагийн авсан лавлагаагаар ийм хөрөнгө өөрийнх нэр дээр байдаггүйг тогтоосон.
-Овог нь болсон “Ноёд” групп нь яасан юм бэ?
-“Ноёд” групп гэдэг аж ахуйн нэгж огт байдаггүй юм. Улсын бүртгэлийн газраасүүнийг мэдэж болно. Энэ талаар зөндөө л яригдаж бичигдсэн шүү дээ. Огт байхгүй зүйлийг хийсвэрээр гаргаж ирээд өөрийгөө рекламдаж, бусдыг залилахад ашигладаг нэр томъёо гэж л би ойлгож байна. Овоглох дээрээ тулахад нь манай хэвлэлмэдээллийн хэрэгслүүд хувь нэмрээ оруулсан гэж би боддог. Г.Буяндорж гэхээсээ илүүтэй “Ноёд” группын ерөнхийлөгч гэсээр байгаад үнэхээр ийм групп байдаг юм байна гэх ойлголтыг нийгэмд түгээсэн. Одоо ч мөн түүний хэргийг хэрэгсэхгүй болголоо гэх худал мэдээллийг дуу дуугаа авалцан тарааж байгаагаа эргэж хармаар санагддаг.
-Авах юм учиртай гэж монголчууд ярьдаг. Харин та 10 жилийн өмнө 570 сая төгрөгтэй байх өнөөдөр ийм хэмжээний мөнгөтэй байх хоёрын зөрүүг яаж харж байна?
-Тухайн үед мөнгө төгрөгөө гүйцэд авсан бол өөрийн гэсэн тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулаад, хэдэн хүнийг ажлын байртай болгоод ажил үйлс нь жигдрээд явчих байлаа. Хүн учиргүй урт настай амьтан биш шүү дээ. Тэгвэл энэ 10 жилд миний амьдралын бүхэл бүтэн нэг үеэр тоглолоо гэж би бодож байгаа. Тиймээс бүтэн 10 жилээ алдсан юм чинь энэ заргыг ямар ч байсан үнэнээр нь шийдүүлнэ гэдэг бодолтой тэмцэж явна. Хөндлөнгийн хүн бол зөвхөн хохирсон тухай ойлгож байж магадгүй. Гэтэл үүний цаана хүний бүхэл амьдрал байгаа юм. Надаар ч зогсохгүй олон хүний амьдралд нөлөөлж явсныг нуух хаах хэрэггүй биз ээ. Хүмүүс аяндаа ойлгоно. Бурхан байдаг бол харж, үнэн зөвийг нь тунгааж байгаа гэсэн итгэлтэй л алхаж явна даа.
Ийн ярилцаж дууссаны дараа ямар нэг тайлбар хийх нь илүүц мэт санагдлаа.
Ярилцсан Н.Саранчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ