“Coal Mongolia”-гийн алтан ивээн тэтгэгчээр оролцож байна

“Coal Mongolia” буюу нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг 2011 оноос эхлэн манайд жил бүр зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү чуулга уулзалт нь Монголд хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт зэрэг олон төсөлд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, улмаар Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг Азид хөгжүүлэх зорилготой юм. Уул уурхайн компаниуд өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын байдлаар нийтдээ 16 сая тонн нүүрс экспортложээ. 2013 он уул уурхайн салбарын хувьд хүндхэн жил байсан бол Монгол Улсын Засгийн газраас 2014 оныг “Баялаг бүтээгчдийн жил” болгон зарлаж, нийтдээ 31,4 сая тонн нүүрс экспортлоно хэмээн төлөвлөж байна. 2014 оны хоёрдугаар сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй “Coal Mongolia” Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад тухайн салбарынхан ихээхэн ач холбогдол өгч, зохион байгуулалтын ажил аль хэдийнэ жигдэрчээ. Дээрх чуулга уулзалтыг уул уурхайн үндэсний хэмжээний томоохон компаниуд дэмжин оролцож байгаа бол банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “ХасБанк” энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож байгаа аж. Өмнө нь ч “ХасБанк”-ны хамт олон Монголд хөрөнгө оруулалт хийхийг сонирхдог дэлхийн томоохон компаниудыг хамарсан уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахад идэвхтэй оролцон, ивээн тэтгэж ирсэн билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах үйлсэд банкны салбарынхан ийнхүү түүчээлэн оролцож буй нь манай орны эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм.

Ч.Бат-Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ