МАХН-ын ядмагхан пи ар

Өнгөрсөн амралтын өдрүүдээр сүржин мэдээллээр тодотгосон Н.Энхбаярын намын ядмагхан пи ар болж өнгөрөв. МАН-ын нэр нөлөө бүхий олон гишүүд намаасаа гарч манай намд орж батлахаа гардана, ёс төртэй ёслол хийнэ гэхчлэн мэдээлэл цацаж байсан.

Гэтэл тус намд элсэж орсон хүмүүсийн дотор томоохон нэр нөлөө бүхий улстөрч гээд хэлчих ганц ч хүн байсангүй. Ердөө хамгийн залуу гишүүн, хамгийн ахмад гишүүн гэх мэтээр дөвийлгөжалга ташилцсан ядмагхан арга хэмжээ тэгсгээд өндөрлөжээ.

Байсгээд л МАН-ын тэр тэр улстөрч манайд элсэнэ гэх шоугаар пи ар хийж рейтингээ өсгөнө гэсэн ахархан бодолтой удирдлагуудтай МАХН ч дээ.

Сар шинийн өмнөхөн манай улсын урдаа барьдаг хуульч, хууль тогтоогчдын нэг хэдий ч нэгэнт үеэ өнгөрөөж буй Ц.Шаравдорж гуай тус намд элссэнийг эс тооцвол ойрын хугацаанд тус намынхан О.Баасанхүү, З.Баянсэлэнгэтэйгээ л байсаар.

Магадгүй Н.Энхбаяр нарыг дагаж гүйгээд улстөрд орчихвол шууд гишүүн, сайд, дэд сайд болчихдог юм байна, МАН болон АН-д маш их өрсөлдөөн дундуур ихээхэн хөрөнгө мөнгө, хөдөлмөр гаргана тэр бүтэхгүй дээ гэсэн ахархан бодолтой өвөртөө хэдэн боодол юмтай залуус МАХН-д элсэж байж мэднэ.

Түүнээс биш хөдөө орон нутагт ч тэр хаа сайгүй МАХН-ын гишүүд цөөрсөөр байгаа гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байдаг. Н.Энхбаяр нь ч хаа юм, наагуур нь хэдэн нөхдүүд намын нэрээр өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлж ажиллаж, бүгдийг шийдэж байна гэсэн мессеж гишүүдийнх нь дунд хаа сайгүй хүчтэй тархсан учир тус нам гишүүдээ алдсаар байгаа аж.

Энэ байдлаа дарах гэсэн үү энэ ч, тэр ч манай намд элсэнэ гэсэн мэдээлэл цацдаг. Гэтэл МАХН-ын батлахаа сэргээх гэж байгаа гэх ярианд өртсөн гишүүд өөрсдөө залруулга хийн “Тийм зүйл байхгүй. Энэ бол худал ташаа мэдээлэл” хэмээн тэр дор нь засчихдаг.

Угаасаа МАХН-ынхан өвөр зуураа тэмцэлдэж, хөнжил дотроо хөлөө жийн хэвлэлээр нэгнээ муулж, гүтгэж, ар хударгаар нь хор найруулах явдалд автсан гэнэ.

Ийм л ядмагхан намын ядруухан пи ар ойрын өдрүүдэд болж өнгөрлөө.

Б.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ