Туул гол руу бохирдлоо шууд асгадаг аж ахуйн нэгжүүдийг усаар хангах гэрээг зогсоожээ

Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид технологийн хаягдал ус нийлүүлж буй үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаанд шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтын тухай нийслэлийн Засаг даргын Үйлдвэр экологийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Шалгалтаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний технологи, үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг дөрвөн чиглэлийн 187 аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар арьс ширний 34, ноос ноолуурын 23, цаасны 16 үйлдвэр байгаа юм.
Шалгалтын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр технологийн хаягдал усны бохирдолт стандарт хэмжээнээс их, арьс шир боловсруулах үйлдвэрүүд ус бохирдуулсан төлбөрөө бүрэн төлдөггүй нь тогтоогджээ. Мөн арьс ширний үйлдвэрээс гарч байгаа технологийн хаягдал нь Улаанбаатар хотын байгаль орчинд  ихээхэн сөрөг нөлөөллийг бий болгож байгаа учраас нэн яаралтай шинэ суурьшлийн бүсээс боловсруулах үйлдвэрүүдийг гаргах шаардлагатай байна гэж үзсэн байна.  Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд усны төлбөрөө төлдөггүй, технологийн бохирдолтой усаар Туул голыг бохирдуулж, орчныг доройтуулдаг, ийм зөрчил гаргасан үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаадаг ч дорвитой арга хэмжээ авалгүйгээр буцаан нээдэг зэрэг  хууль бус үйл ажиллагааг  таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голыг арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн технологийн бохирдолтой ус бохирдуулж  байна гэж нийслэлийн иргэд болон байгаль хамгааллын чиглээрээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд шүүмжилдэг юм.  Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй байгаа шалтгаанаа "Харгиа" цэвэрлэх байгууламжийнхан стандартаас давсан бохирдолтой ус нийлүүлж байгаагаас үүдэлтэй гэж тайлбарладаг боловч "Харгиа" цэвэрлэх байгууламжийн гол ачаалал нь арьс ширний үйлдвэрээс үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг байна.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, ус бохирдуулсаны төлбөрөө төлөөгүй урдчилан цэвэрлэх байгууламжид холбоогүй Туул голруу бохирдолоо шууд асган бохирдуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж  усаар хангах гэрээг зогсоосон гэв. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх асуудлыг хэлэлцээд энэ чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчнийг шинэчлэн зохион байгуулах, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажил үйлчилгээ эрхлэхгүй, байгал орчныг хордуулж,  нийслэлийн иргэдэд ноцтой хор хохирол учруулж байгаа боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан, дулаан, усаар хангахгүй байх ёстойг санууллаа.  Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн технологийн хаягдал усыг цэвэрлэх үүрэг хүлээдэг Урьдчилан цэвэрлэх байгууламжийг Ус сувгийн удирдах газарт шилжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг ч мөн хэлсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Ж.Цэлмэг

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ