АМГ-ын дарга асан Д.Батхуягийг дахин шалгаж эхэллээ

Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадасртын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт холбогдох хэргийг 2013 онд гурван шатны шүүхээр хэлэлцүүлэн тэдэнд ял оноосон.

Тэгвэл Д.Батхуягийг дахин шалгаж эхэлжээ. Тодруулбал, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Берунг майнинг” ХХК-д хууль бус 5261Х тоот хайгуулын лицензийг худалдаж 31,051,746,236 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн өнгөрсөн сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Уг компани нь лицензийг С.Жаргалсайханаас худалдан авч хохирсон юм.

Д.Батхуягийн хэргийг сануулбал, тэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтой бүлэглэн 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт 106 тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгон, Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Түүнчлэн Ашигт малтмалын газраас 2009 оны есдүгээр сарын 5-25-ны өдрүүдэд явуулсан геологи, хайгуулын ажлын тайланг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтаар "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдсон юм. Мөн Ашигт малтмалын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас тус компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцлах тухай дүгнэлт гарсан байхад "Саусгоби сэндс" ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг хэрэгжүүлэлгүй, үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тус компанийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах "Хайрхан толгой" нэртэй 72499 гектар талбай бүхий, 42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй ашигт малтмалын 5261X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтын 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээлгэж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр найз С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар хээл хахуульд авсан гэмт хэргийг Д.Батхуяг зохион байгуулсан, Л.Даваацогт гардан гүйцэтгэгчээр оролцсон аж.

С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нар нь 5261Х дугаарт тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг хээл хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ