Ж.Ганбаатар: Заавал хүн үхүүлж байж анхаарлаа хандуулах юм уу

Францын “Арева” корпорацийн охин компани болох “Коже говь”компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 17 жил ураны хайгуул хийж, ураны шар нунтаг гаргаж, түүний уршгаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон тооны мал үхэж, төл мал гажигтай гарсан гэх том хэрэг мандуулсан. Холбогдох байгууллагууд нь тэнд очиж, шинжилгээ хийсэн ч ямар ч хоргүй тугал кальцийн дутагдлаас болж үхсэн гэж хүртэл дүгнэлт гаргаад байсан. Тэгвэл өчигдөр Иргэний нийгмийн байгууллагууд “Арева” компанийн удирдлага УИХ-ын аюулгүй ажиллагааны байнгын хороотой уулзалдах гэж байсныг төрийн ордны гадаа цуглаан хийж хойшлуулав. Энэ мэдээллийг "Гамшгийн эсрэг үндэсний төв"-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатараас тодрууллаа.
-Та бүхэн яг юу хүсч өчигдөр төрийн ордны гадаа цуглав аа?
-Өчигдөр 02:00 цагт “Арева” компанийн удирдлага УИХ-ын аюулгүй ажиллагааны байнгын хороотой уулзалдах уулзалт төлөвлөсөн боловч иргэний нийгмийн байгуулагуудын төлөөлөл болсон бид ордны баруун зүүн хаалган дээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэхдээ компанийн удирдлагууд ордон руу орсон байх магадлалтай. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт мал үхсэн асуудал өнөөдөр Франц Монгол хоёр улсын хоорондох асуудал болж яригдах ёстой. Мал үхсэн энэ асуудал Францын Арена компанийн “Коже говь” багийн хайгуулын ажиллагаа явуулж байгаа бүс нутагт гарсан. Малууд химийн хорт бодист хордсон гэдгийг баталчихсан нь үнэн. Гэтэл энэ компани мал үхэхэд ураны хайгуул явуулж байсантай ямар ч холбоогүй, ураны цацрагийн хор хөнөөл байхгүй гэж хэлээд байгаа. Үүнийг нь манай Засгийн газар, Цөмийн энергийн газрынхан өмөөрөөд байгаа. Захын сургуулийн сурагчдын химийн номон дээр газрын гүнд урантай хамт байдаг химийн бодис байдаг гэдэг нь илэрхий байдаг.Иргэний нийгмийн байгуулагууд бид газар нутгаа бүрэн бүтэн байлгахыг хүч байна. Бид технологийн дэвшлийг хэзээ ч эсэргүүцээгүй. Заавал хүн үхүүлж байж энэ асуудалд анхаарлаа хандуулах гээд байгаа юм уу. Мал үхээд бидэнд дохио өгөөд байна.
-Химийн бодист мал хордсон гэх энэ асуудал хэдийнээс яригдаж эхэлсэн бэ. Яг ямар байгуулагаас химийн бодист хордсон гэсэн шинжилгээний хариу хэлсэн юм?
-Өнгөрсөн өвөл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал үхсэн асуудал гарсан. Ингээд засгийн газраас ажлын хэсэг байгулагдаад ажиллаж байх үед Мөн Сүхбаатар аймгийн Онгон суманд дөрвөн айлын зургаан үхэр үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн. Ингээд малын эмч нар, мөн Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр өвчин биш гэдгийг тодорхойлсон. Гэтэл Улаанбадрах суманд “Коже говь”-ийн хайгуул хийж байсан нутаг дэвсгэрт малчин Норсүрэнгийн үхэртэй үхсэн шинж тэмдэг нь яг адилхан байсан. Төр захиргааны байгууллага үүнийг нуусан. Өнөөдөр ч тэнд хайгуулын өрөмдлөгө явуулсаар байна. Хайгуулын үедээ л хор хөнөөл учруулж байгаа нь харагдаж байна.
-Нутгийн иргэд энэ асуудал хэрхэн хандаж байгаа вэ?
-Өнгөрсөн сарын 22-нд Улаанбадрахын малчид жилийнхээ тайланг хэлэлцэж, ирэх жилийнхээ төлөвлөлтийг ярилцаж байхад “Арева” компанийн удирдлагууд очсон. Бид малчид ямар хариу үйлдэл үзүүлэхийг ажиглагчийн байр сууринаас харахаар очиход малчид тэднийг нэг үг ч хэлүүлэхгүй шууд зайл гэж хөөсөн. Өнөөдөр малчин иргэд худалдагдаагүй юм байна. Монгол эх орноо хайрлах сэтгэлтэй байна. Газар нутгаа тэд харамлаж байна.
-Дэлхийн бусад улсууд ураны асуудалд хэрхэн ханддаг юм бол?
-Уул уурхайн салбармонголын эдийн засагт ашигтай гэж ярьж байгаа боловч уран шиг хор хөнөөлтэй ашигт малтмал дэлхий нийтэд байдаггүй. Хөгжингүй орнуудад ураныхаа олборлолтыг шууд зогсоож байна. Өнгөрсөн зургаан жилд АНУ 25 уурхайгаа зогсоолоо. Газар дээр нь нүдээр үзсэн. Хичнээн зогсоосон ч газар нутагт нь хүчиллэг, шүлтлэг орчин үүсээд амьдрах боломжгүй, ан амьтан байхгүй газар болчихсон байна билээ. Тэнд ажиллаж байсан нутгийн индиан иргэд уйлаад сууж байна. Канадууд бас дөрвөн уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Өнөөдөр атомын цахилгаан станцаа зогсооно гээд Европын орнууд амлалт үүргээ авчихлаа. Дэлхийн зах зээлд ураны үнэ уначихлаа. Гэтэл “Арева” компани яагаад улайран зүтгэв. Ямар ашиг сонирхол байна. Өнөөдөр “Арева” компани Африкийн Нигерт ураны олборлолт хийж газар нутгийг нь хэдэн сая га- гаар нь хордуулчихлаа. Нутгийн иргэд бослого гаргаад “Арева”-г хөөж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ компани Нигерийн газар нутаг дээр 1,9 тэрбум еврогийн алдагдал хүлээлээ. Энэ их алдалгдлыг монголоос үнэгүй технологиор олж болох юм байна гэсэн ашиг сонирхлоор манай газар нутаг руу дайрч байна.
-Монголын засгийн газар энэ компанийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү?
-Энэ компани монголд орж ирээд үнэндээ 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Цөмийн энергийн тухай хуулийн үндэс болсон бодлогыг уншаад үзэхэд тэнд “Арева”-ийн ашиг сонирхолын дагуу боловсруулагдсан гэж ойлгож болохоор байна. 2009 оны 06.26-нд Цөмийн энергийн тухай төрийн бодлогыг өвч хэлэлцэхдээ “Арева”-ийн эрх ашгийг 100 хувь хамгаалсан бодлого тусгсасан. Франц иргэдийн амьжиргаанд монголын иргэд золиослогдож болохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Дараагийн асуудал нь манай улс төрчид ураны бизнес рүү улайран зүтгэж эхэллээ. УИХ-ын гишүүд худалдагдаж байна. Өнөөдөр Улаанбадрахын малчид худалдагдаагүй байхад УИХ-ын гишүүд худалдагдаж байна. Ялангуяа Сүхбаатар аймаг дахь ураны 14 лиценз хөдөлгөөнд орж эхэлж байна. Ялангуяа ард түмний шүтээн болсон Шилийн богд, Дарьганга, Алтан-Овоог тойрсон төрийн тусгай хамгаалалттай газар нутаг дээр ураны хайгуулын лиценз өгсөн байгаа. 2010.12.30-нд Цөмийн энергийн газраас хоёр лиценз олгосон. Сүхбаатар аймгийн удирдлагууд болон УИХ-д сууж байгаа Зоригт тэргүүтэй нөхдүүд маргааш “Арева” компанийн удирдлагатай уулзалт хийхээр товлосон байна. Энд Ямар ашиг сонирхол байна. Өнгөрсөн долоо хоногт Зоригт гишүүний зохион байгуулалттайгаар Сүхбаатар аймгийн нутгийн иргэд, Цөмийн энергийн газрын удирдлагууд уулзлаа. Энэ уулзалтад санал бодлоо хэлэхийг хүссэн хүсэлт тавьсан боловч хэлүүлсэнгүй.
-Сүхбаатар аймгаас ирсэн гурван иргэнийг СБД-ийн цагдаагийн газраас баривчилсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Сүхбаатар аймаг болон Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ирсэн нутгийн иргэд үгээ хэлэхийг оролдсон. СБД болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн иргэдийг бүртгэж авч байгаа харагдсан. Сүүлд нь харагдахгүй байсан. Баривчисан эсэхийг би мэдсэнгүй. Гол нь нутгийн иргэд өөрсдөө үзэл бодлоо иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нартай хуваалцахыг хүсч байна. Бидэнд ашиг сонирхолын ямар ч зөрчил байхгүй. Бид газар нутгийхаа аюулгүй байдлын төлөө явж байгаа улс.
-Ч.Мөнхбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж жагсаал цуглаанд оролцсон гээд СБД-ийн цагдаагаас түр саатуулж мэдүүлэг авна гээд аваад явсан. Та нар ийм чухал асуудлын төлөө явж байж яагаад согтууруулах ундаа хэрэглэв?
-Бид согтууруулах ундаа хэрэглээгүй. Ногоон цөм буюу “Ногоон нам”-ын нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаярыг архи уусан гэх асуудал яригдаж байна. Бид ордны гадаа байхад болон “Арева” компанид шаардах бичиг өгөхөөр ирэх үед зүгээр байсан. Харин энэ цуглаан тарсны дараа юу хийх нь тэр хүний асуудал. Ямар ч байсан бид шаардлагаа хүргүүлэх үед тэр хүн эв эрүүл байсан. Нэг зүйлийг ойлгохгүй байна. Бидэнд жагсаал цуглааны хууль дүрэм зөрчсөн талаар ярихаасаа илүү албан бичиг гардуулж өгөх гэж очсоныг ойлгох хэрэгтэй. Үүнийг цагдаагийн байгууллага жагсаал цуглааны хууль зөрчлөө гэж гуйвуулж болохгүй байх. Бид аюулгүй байдлын байнгын хороо, Арева компани, Францын элчин сайдын яманд албан бичиг өгөх гэжл явж байсан. Бид лоозон барьж явснаас биш орилж, хашгирч, үймээн самуун дэгдээгээгүй гэдгээ албан ёсоор хэлж байна.
Харин энэ талаар “Арева” компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан захирал А.Зунгэрэлээс зарим зүйлийг тодруулаа.
-Өнөөдөр иргэний нийгмийн байгуулагуудаас танайд шаардах бичиг хүргүүлээ. Үнэхээр энэ мал хордож үхсэн асуудалд танай компанийн уран хайгуулын ажил нөлөөлсөн юм уу?
-Тийм зүйл байхгүй. Бид ураны хайгуул хийж байгаагаас биш уран олборлоогүй. Химийн бодис ашиглаагүй учраас ямар ч мал хордох нөхцөл байхгүй. Иргэний нийгмийн байгуулагын төлөөлөгчид сая шаардах бичиг өгөөд явлаа. Бид хамагучраа хэлээд, асуудлын үнэн мөнийг тайлбарлаадгаргасан ч гэсэн эндээс гараад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацаад байх юм.
-Шинжилгээгээр үхсэн үхэрнүүд химийн бодист хордсон гэсэн дүн гарсан гэсэн?
-Шинжилгээгээр зэсийн хордлого гэсэн дүн гарсан. Одоо зарим аймагт гараад байгаа шүлхий өвчинг засгийн газрын буруу, засгийн газар муу ажилласанаас болж байна гэх нь холгүй ярьж байна. Манай компанийг ч бас ийм байдалд оруулах гээд байх шиг байна. Ер нь малдаа хийлгэх ёстой вакцинаа хийлгэхгүй, харицулагагүй байдал, малчдын өөрсдийнх нь буруугаас болж мал нь элдэв өвчин тусч үхэж байгааг химийн бодисоос ходсон гэж шууд тулгаж болохгүй гэж үзэж байна.
-Нутгийн иргэд танай компанийн удирдагуудыг зайл гэж хөөсөн гэсэн. Үнэн үү?
-Тийм зүйл болсон. Гэхдээ биднийг очихоос өмнө иргэний нийгмийн байгуулагуудын төлөөлүүд очоод нутгийн иргэдийг “толгойг угаачихсан” байсан. Тэгээд биднийг ороход гарч зайлцгаа гэж орилолдоход нь тэнд байсан нутгийн иргэд ч дагаад биднийг хөөсөн нь үнэн. Ернь энэ хүмүүс орон нутгийн иргэдийн мэдээлэл хомс байдлыг ашиглаж өдөөн хатгалга хийж турхирч байгаа юм.
-Танай компани цаашид хэчнээн жил хайгуулыг ажлаа үргэлжлүүлэх гэрээтэй вэ?
-Бид одоо ирэх гурван жилд хэрхэн ажиллах техник эдийн засгийн үндэслэлээ гаргах гэж байна. Засгийн газраас ч энэ үндэслэлээ гаргаж өгөхийг биднээс шаардаж байгаа. Манай компанийн 34 хувь нь Засгийн газрын мэдэлд байдаг. Тэгэхээр улс төрчид ч гэсэн бидэнд маш сайн хяналт тавьж байдаг гэсэн үг. Цөмийн энергийн газраас ч биднийг байнга хянаж ажилладаг. Иргэний нийгмийн төлөөллүүд биднээс юу шаардаж байна вэ гэхээр хаалтын гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа зогсоох. Бид олборлолт биш хайгуулын ажил хийж байгаа болохоор хаалтын гэрээ хийх үндэслэл байхгүй. А лиценз буюу олборлолт хийж байгаа үед хаалтын гэрээ хийдэг.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ