Финляндчууд хүрлийн төлөө АНУ-ын багийг бутниргэв

Америкчууд нэг минутын дотор л хожигдлоо дуудаж орхисон юм. Учир юун гэвэл Сочигийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн АНУ-ын шигшээ баг Финляндын багт хоёрдугаар үеийн эхэнд хоёр ч шайбыг ганцхан минутын дотор хаалгандаа алдаж орхисон юм. Финляндын Тииму Силанни,Жусси Жокинен нарын гоол үндсэндээ америкчуудын хожигдлыг зааж өгсөн гэхэд болно.
Хэдийгээр америкчууд онооны харьцааг өөрчлөхөөр тоглолтын санаачлагыг гартаа аван довтолгоондоо анхаарал хандуулж байсан, Патрик Кэйнийн аюултай хүчтэй цохилтууд финн хаалгач руу чиглэж байсан ч тооны харьцаа өөрчлөгдсөнгүй. Америкчуудын довтолгоо бүтэлгүйтээр байв.
Гуравдугаар үед финнийн хоккейчид Патрик Кейнийн алдаа гаргаж талбайг орхисныг ашиглан тооны харьцааг 3:0 болгосон. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнө дахин хоёр ч шайб америкчуудын хаалганд нэмж оруулсан юм.
Ингэснээр Финляндын шигшээ баг олимпийн хүрэл медалийг АНУ-ын хүчтэй багийг илт давуу буулгаж аван хүртэж байна. Эргэн сануулахад АНУ-ын эрэгтэй хоккейчид хэсгийн тоглолт дууссаны дараа Чехийн багийг 5:2-ын харьцаагаар хожсон ч дараагийн шатанд Канадын шигшээд 1:0-ээр ялагдаж хүрлийн төлөөх өрсөлдөөнд буусан юм.
Энэ хоёр баг хоёул талбайн эзэн ОХУ-ын шигшээ багтай таарч тоглон асар их дуулиан дэгдээгээд байсан. Америкчууд маш ширүүн өрсөлдөөний эцэст Оросын шигшээг буулгаж авсан бол Финляндын хувьд хариуцлагатай тоглолтод оросуудыг бут цохиж нутагт нь медальгүй үлдээсэн билээ.
Тэгвэл талбайн эздийг хожиж шуугиан дэгдээсэн финчүүд ийнхүү хүрэл медалийн төлөө америкчуудыг илт давуу ялаад байна.




Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ