Сочигийн эзэд олимпийг тэргүүлж эхэллээ

Өвлийн олимпийн XXII наадмыг зохион байгуулагч ОХУ өчигдрөөс медалийн тоо болон чанараар тэргүүлж эхэллээ. Хойд хөршийн тамирчид 11 алт, 10 мөнгө, 8 хүрэл медальтайгаар медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол тэдний араас олон хоног олимпийг тэргүүлж байсан Норвегийн тамирчид 11 алт, 5 мөнгө,10 хүрэл медальтайгаар удаалж эхэллээ.

Өчигдөр Сочигийн тэнгэр дор оросууд одтой байлаа. Хоёрдугаар сарын 15-нд эрэгтэйчүүдийн шорт трекийн 1000 метрийн төрлөөр алтан медаль аваад байсан Виктор Ан өчигдөр 500 метрийн төрөлд Хятад, Канадын тамирчдыг ардаа орхиж олимпийн хоёр дахь алтан медалиа зүүсэн бол 5000 метрийн багийн төрөлд мөн л багийнхныхаа хамтаар тэргүүлж Сочигийн олимпоос гурван алтан медаль аваад байна.

Виктор Аны хувьд Өмнөд Солонгост төрж өссөн ч ОХУ-ын иргэншилтэй болсон өвлийн спортуудын сор болсон агуу тамирчин юм. Түүний солонгос нэр нь Ан Хюн Со бөгөөд олимпоос нийтдээ 6 алтан медаль, дэлхийн аваргаас 20 алтан медаль хүртээд байна.

Ийнхүү Виктор Ан тэргүүтэй Оросын шорт трекчид өчигдөр 2 алтан медаль эх орондоо авчирсан бол эрэгтэйчүүдийн сноубордын слалом төрөлд ОХУ-ын тамирчин Вик Уайлд (АНУ-д төрж өссөн ч ОХУ-ын иргэншилтэй болсон) өрсөлдөгчдөө ардаа орхиж аваргалсан бол биатлоны эрэгтэйчүүдийн 4х7,5 км-ын буухиа уралдаанд Дмитрий Малюшко, Антон Шипулин, Евгений Устюгов, Алексей Волков нар багаараа тэргүүлж алтан медалийн тавцанд зогссон билээ. Энэ төрөлд Герман, Австрийн баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр оросууд нэг өдрийн дотор дөрвөн төрөлд аваргалж алтан медалийнхаа тоогоор Норвегийн багтай тэнцсэн ч мөнгөн медалийн тоогоор илүүрхэж медалийн чанар болон тоогоор тэргүүлээд байна.

Өнөөдөр Сочигийн олимпийн сүүлийн өдөр. Сүүлийн өдөр медалийн эзэд нь тодрох төрлүүдээс спорт сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа тэмцээн бол яах аргагүй хоккейн эрэгтэйчүүдийн алтан медалийн эздийг тодруулах тоглолт юм.

АНУ-ын шигшээг 1:0-ээр буулгаж авсан Канадын хоккейчид Финляндын багийг 2:1-ээр ялсан шведчүүдтэй алтын төлөө тоглоно. Хоккейн аваргууд тодорсны дараа Сочигийн олимп хаалтаа хийж 2018 онд дараагийн өвлийн олимпийг зохион байгуулагч Пёнчаны төлөөлөгчдөд бамбараа шилжүүлэн өгөх юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ