Үнэндээ хайр минь унагасан нулимсан дусал бүртэй минь цуг урсаад явчихсан бололтой

Та бүхэнтэй өөрт тулгараад байгаа асуудлаа хуваалцъя гэж бодлоо. Би одоо 25 настай. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Миний энэхүү захидлыг уншаад та бүхэн намайг буруутгаж магадгүй л юм. Гэвч зориглон бичлээ.
Би анх нөхөртөө анхны харцаар л дурлаж байж билээ. Энэ залуу л минийх болоосой гэж хүсч байсансан. Хүсэл маань ч биелж бид болзож, үерхэж, хайр дурлалдаа умбаж байсан цаг тодхон санагдаж байна. Жаргалтай цаг үеийг хамтдаа туулсаар л нэг л өдөр жирэмсэн болсноо мэдсэн. Гэвч тухайн үед хэвлийд минь байсан үрийг минь нөхөр маань үл тоомсорлосон. Гэрийнхнээсээ илт нууж, хөл хүнд намайг хуурч эхэлсэн. Янз бүрийн хүүхнүүдтэй явалдана. Нөгөөдүүл нь намайг доромжилно.
Найзынхаа эхнэртэй хүртэл унтаж тэр нь илчлэгдээд би уурлахад намайг хэлэх хэлэхгүй үгээр хараагаад 4 сартай байхад хаяад явчихаж билээ. Надаас өмнө үерхэж байгаад салсан эмэгтэй нь хүртэл тухайн үед намайг хүүхэдтэй чинь цуг үгүй хийнэ гэж сүрдүүлдэг байлаа. Тэр бүхнийг нь би тэсч тэвчиж ганцхан түүнийг л эргээд ирэхийг хүлээж өдөр бүрийг нулимстай өнгөрүүлдэг байсан. Тэгж явсаар гэдсэн дэх хүүхэд маань 8 сартай болоход манай ээж түүний ээж рүү утасдаж бөөн хэл ам болж байж нөхөр маань эргэж ирсэн дээ. Тэр үед би ээжийнхээ өөдөөс эгцэлж харахаас ч ичиж байсан.
Ирснээс нь нээх удалгүй хүү маань ч төрлөө. Тэгээд гурвуулаа манай аав ээжтэй цуг амьдардаг боллоо. Гэсэн ч урьдын байдал дахин давтагдсан. Бүр ч дордсон байх. Янз бүрийн эмэгтэйчүүд нь ярьсаар. Намайг ч, хүүг маань ч сүрдүүлсээр. Тэр болгонд нөхөр маань нөгөө хүүхнүүдээ өмөөрнө. Бид 2 байнга хэрэлддэг болсон. Ядаж байхад хадам ээж хүртэл хов хутгана. Хүүгээ төрснөөс хойш эхний 5 сар мөнхийн хэрүүлтэй байсан. Тэгээд л би гэдэг хүн наагуур цаагуур гүйж, нөгөө хүүхнүүдтэй нь баахан хор хутгаж байж нэг юм нөхрөө салгаж авсан даа. Одоо бодохоор өөрөө ч өөрийгөө гайхдаг. Явалддаг хүүхнүүдтэй нь тэгж айхтар хор хутгаж явснаа бодоод өөртөө ч итгэдэггүй. Янз бүрээр жүжиглэж харааж зүхэж уйлж дуулж бүх л янзаар үзэж билээ. Эцсийн эцэст би хүүдээ эцгийг нь авч үлдэх гэсэндээ л тэр бүгдийг хийж байсан.
Тэр үеүдэд нөхөр маань надаас олон ч удаа нүүр буруулж байсан даа. Гэсэн хэдий ч хэрүүл маргаан, араар тавилт бүхнийг нь тэсч зөвхөн нөхрөө л өөртөө авч үлдэх гэж зүтгэснийхээ хүчинд би эцсийн эцэст ялагч болсон. Маш их уйлж маш их цөхөрч гомдож байсан тэр үеүдийг одоо бодоход дотор харанхуйлдаг. Хадмын талынхан ч тухайн үед намайг болон хүүг маань хүн гэж тоодоггүй байсан. Нөхөр маань нэг хүүхэнтэй явалдаад л надаас сална гэхээр одоо салвал салахгүй юу дөө гэж хэлээд л хүүгээ өмөөрдөг байж билээ. Гэсэн ч одоо нөхөр маань ганцхан чамдаа л хайртай гэж хэлээд л дандаа хамт байдаг болсон.
Харамсалтай нь одоо бүх зүйл орвонгоороо эргэж байна. Хууран мэхлэлт доромжлол бүрийг нь тэвчиж өнгөрөөж байхдаа би уучилж байгаагүй бололтой. Зүгээр л шүд зуун тэвчиж байжээ. Гомдол гунигаа дотроо хадгалж гүрийж байсан тэр үед миний сэтгэлд нөхрөө хайрлах хайр үгүй болчихож. Өөр хүүхэнд алдахгүй гэсэн шазруун зандаа автаж байхдаа хайр минь нуран унаж байгааг анзаараагүй явж. Үнэндээ сүүлийн хагас жилд би нөхөртөө ямар ч хайргүй, тийм л сонин амьдралаар амьдарч байна. Урьд нь би зөвхөн энэ хүнийг л хүсч хайрладаг байсан. Гэтэл одоо бүх зүйл ямар ч утгагүй санагдаж байна. Нөхөртэйгээ секс хийхээр бодвол нөгөө хүүхнүүдтэйгээ бас яг ингэж хийдэг байсан биз гэж бодогдоод улам бүр цааргалах боллоо. Намайг үнсэхэд нь хүртэл дотор эвгүйцдэг. Үнэндээ одоо надад нөхрөө гэх өчүүхэн ч хайр алга. Эцсийн эцэст би чухам юуны төлөө тэгэж улайран тэмцэж байсан юм бэ? Хайртай хүнээ гэр бүлээ авч үлдэхийн тулд энэ бүгдийг хийж байна гэж боддог байлаа. Гэвч одоо хийсэн зүйлийнхээ үр дүнг мэдрэхгүй байна. Тэгтлээ улайран зүтгэчихээд ийм сонин ойлгомжгүй амьдралтай болчихно гэж төсөөлсөн ч үгүй. Үнэндээ хайр минь унагасан нулимсан дусал бүртэй минь цуг урсаад явчихсан бололтой. Би одоо яахаа ч мэдэхээ болилоо. Хамт байгаад ямар ч жаргалгүй энэ амьдралаар нэг насаа барах юм гэж үү? Заримдаа салдаг ч юм уу гэж бодох боллоо. Гэсэн ч хүүгээ харахаар өрөвдөөд байх юм. Би одоо юу хийх ёстой юм бэ?
Дээрх захидлын эзэнд болон түүнийхтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сэтгэлийн өнгө” төвийн сэтгэл засалч Г.Наранбаатар ийн зөвлөлөө:
Хүүгээ харахаар өрөвдөөд байх юм... Танд төрсөн энэ мэдрэмж одоо нөхөрт тань төрдөг болсон байхыг үгүйсгэхгүй. Эр хүн бүр кинонд гардаг шиг хүүхэдтэй болоод сэтгэл нь хөдөлж, баярлах нь амьдралд тун ховор. Тэд маш дотогшоо хүмүүс байдаг. Үр хүүхэд нь өсөн томрохын хэрээр эцгийн хайр улам бүр нэмэгддэг байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр эрчүүд илүү бодит хандлагатай хүмүүс байдаг. Эрчүүддээ зөвлөхөд жирэмсэн эмэгтэй хүн гэдэг тухайн үедээ өр зөөлөн, сэтгэл санаа их эмзэг байдаг ч хожмын нэгэн өдөр тухайн үед эр нөхрийнх нь сөрөг хандлага бүр мартагддаггүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
Эхнэр нөхрийн харилцаа нь харилцан хүлээн зөвшөөрөл, харилцан ойлголцлын үндсэн дээр бат бөх оршдог. Хүлээн зөвшөөрөл гэдгийг буруу зуршлыг нь хүлээн зөвшөөрөх асуудал биш юм. Одоо таны нөхөртөө хандах хандлага, түүнийг төвөгшөөх зэрэг нь таны сэтгэлийн гүнд бий болсон мөс хайлж буйн шинж юм. Магадгүй энэ мөс эргээд хөлдөж ч болох. Харин хайлсан мөсөө та бүү нуугаарай. Илэн далангүй байж харилцан ойлголцлын үндсийг тавь.Харилцааны хамгийн үр дүнтэй, хамгийн сайн хэрэгсэл бол харилцан яриа байдаг. Үүгээрээ та түүнийг хүлээн зөвшөөр гэж байгаа ч асуудал биш. Амьдралаа цааш хэрхэн замнаж болох, өөрт төрдөг сэтгэлийн төвөгшөөл, түүний учир шалтгаан, хамт амьдрахад жаргалгүй байгаа гээд бүх талаар харилцан ярилц. Учир нь танд маш том давуу тал бүрдсэн байна. Тэр нь нөхрийн тань хандлага юм. Хамгийн гол анхаарах зүйл бол өнгөрснөөрөө хүн ирээдүйгээ харж болохгүй гэдгийг сайн санаарай. Дотроо бүгсэн сэтгэлийн чинь шаналал идээ бээр шиг л улам томордог юм шүү. Хүүгээ хараад өөрийн амьдралаа жаргалгүй байлгах нь хүүдээ тусалж байгаа биш харин ч хүүгээ гэр бүлийн нандин харьцааны талаар сөрөг ойлголттой өсгөнө гэдгээ анхаарах хэрэгтэй. Галгүй зууханд түлш хийгээд л дулаацна гэж санахтай ижил юм. Эцсийн дүндээ гарцаа олохгүй бол таны сэтгэлийн шаналалд гүүр болох газар ньсэтгэл зүйн төв байхыг ч үгүйсгэхгүй юм.
Хайр бол сэтгэлийн гайхамшигтай баяр баясал, зүрхний дундаршгvй хүсэл, амьдралын няцашгvй тэмцэл /мэдрэмж биш /. Учир нь мэдрэмж ирж л байдаг бас явж л байдаг гэдгийг санан нөхрөөсөө салахыг үнэхээрхүсэж байна уу үгүй юу гэдгийг өөрөөсөө асуунүнэнчээр олжмэдээрэй.
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr
СЭТГЭГДЭЛ БИЧИХ