Өвлийн спортын ордонтой болцгооё

Хойд хөршид энэ сарын турш үргэлжилсэн өвлийн олимпийн XXII наадам Улаанбаатарын цагаар өчигдөр шөнө өндөрлөлөө. Монголчууд хөгшин залуугүй, хот хөдөөгүй цагаан олимпийг цэнхэр дэлгэцээрээ дамжуулан догдлон үзэв. Цана, тэшүүр, хоккейгоос өөр өвлийн спортын төрлүүдийг төдийлөн мэддэггүй сонирхдоггүй байсан бид 2006 оны Турины олимпоос эхлэн Ванкувер, Сочигхүртэл цэнхэр дэлгэцээрээ олимпийг тасралтгүй үзсээр ирсэн. Үүнийхээ ачаар өвлийн олимпийн талаар ихээхэн мэдлэгтэй болж олон сонирхолтой спортуудыг шимтэн үзэцгээх болжээ. Одоо зөвхөн үзэх биш сонирхон хичээллэж, цаашлаад түүнийхээ амжилтыг үзэх цаг ирж. Спортоор хичээллэнэ гэдэг мэдээж хэрэг хүний эрүүл мэндэд юугаар ч орлуулашгүй эмчилгээ. Дээр нь спортын амжилт гаргаж түүнийхээ суу алдрыг хүртэнэ гэдэг ямар ч урлаг соёлын од, улстөрч, бизнесмэнээс илүү ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж төр засгийнхаа ивээл хүндэтгэлийг хүлээдэг цаг болжээ.

Тиймээс дөрвөн сая хүнтэй, яг манайх шиг уур амьсгалтай Норвеги өвлийн спортын тэргүүлэгч гүрэн болоод байхад гурван сая шахуу монголчууд бид юунаас дутахав гэж хэлмээр байна. Аливаад адтай, тэвчээр хатуужил ихтэй ард түмэнсэн.

Үүний тулд өвлийн спортын ордон нэн түрүүнд зайлшгүй шаардагдана. Хэдийгээр асар их зардал орох боловч босгоод авбал жинхэнэ улс орны, ард түмнийхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт биш үү. Төрөөс хөрөнгө мөнгийг нь гаргаад үндэсний томоохон компаниудаараа гүйцэтгүүлж энэ олон барилгын констракшнуудыг юу чаддагийг харья л даа. Бүтээн босгох ажилд нь шаардлагатай бүх зүйлсээр туслая. Хөдөлмөрийн яам хүн хүчээр дэмжээд өгөг. Татварын газар элдэв татвар татаасаас нь чөлөөлөөд өгөг. Яг ийм уриалгыг УИХ-ын дарга ч гаргаад л байгаа. За араас нь ерөнхий сайд маань очоод их бүтээн байгуулалтынхаа нээлтийг хийж тууз хайчлаг л дээ.

Эргээд тэр ордон дотроос улс орноо тив дэлхийд сурталчлагсад төрнө. Ард түмнийхээ төлөө ийм том хөрөнгө оруулалт хийснийх нь төлөө, аягүй л бол өвлийн спортын тамирчид, хорхойтнууд дараагийн сонгуульд Ардчилсан намын төлөө л саналаа өгнө дөө.

Өвлийн спортод ингээд өвөл зунгүй бэлтгэл хийдэг болчихвол сонирхож хичээллэгсэд ч нэмэгдэнэ. За тэгээд тэшүүрийнхэнд голландын, цанынханд оросын гээд энэ спортод тэргүүлэгч орнуудаас багш мэргэжилтнүүдийг урьж авчраад сургавал уу. Цана, тэшүүр, хоккейгоор эхлээд уран гулгалт, шорт трек, кёрлинг гээд олон спортын төрлүүдээр монголчууд амжилт гаргаад эхэлнэ дээ. Бүхэл бүтэн улс орон гэхэд ганц өвлийн ордонгүй л байна шүү дээ. Бушуухан орноо бария. Зүгээр зураг даруулдаг хөшөө биш, дараа нь түүнийгээ ёстой Чингис хааны ордон гээд нэрлэсэн ч яадгым. Дэлхийд нэрээ цууриатуулагсад тэндээс л төрөх юм чинь.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ