"Гангар инвест"-ийнхэн хүний аминд хүрээгүй гэв

Барилгын компанийнхан иргэдийн хөлд "занга" тавьж, амь насанд нь хүрсэн аймшигт хэрэг гарсан гэсэн мэдээлэл олныг цочирдуулж эхэллээ. Тодруулбал нийслэлийн Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, Насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдан, таван хүн хүнд гэмтсэн өнгөрөгч хэрэг баасан гарагт гарсан байна.

Нэг гэр бүлийнхэн автомашинтайгаа явж байгаад барилгын суурь ухсан нүхэнд унаснаас ээж охин хоёр амь насаа алджээ. Түүнчлэн хүнд гэмтсэн 5 хүн ГССҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байна.

Ийнхүү хоёр хүний аминд хүрсэн барилгын суурь "Гангар инвест"-ийнх гэсэнмэдээлэл гараад байгаа. Тиймээс бид "Гангар инвест" компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Энх-Амгалантай холбогдож, энэ асуудлыг тодрууллаа.

-Танай компанийн барих гэж буй барилгын суурийн ухсан нүхэнд машин осолдсоноос хүний аминд хүрлээ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхүй. Хаана гэж байна.

-Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт гэсэн мэдээлэл байна?

-Манайд Хан-Уул дүүрэгт барьж байгаа нэг ч барилга байхгүй.

-Барилга барихаар ухсан нүхэнд автомашин осолдсон гэсэн. Тус дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурь ч ухаагүй хэрэг үү?

-Тийм. Тэнд манайх Хан-Уул дүүрэгт барилгын үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. "Гангар"-ын барилга байх гэж хэлсэн иргэдийн аман мэдээллийг сонингийн сэтгүүлч нягтлалгүй нийтэлснээс ийм мэдээлэл тархсан байна. Маргааш залруулга гарах байх.

Ийнхүү "Гангар инвест"-ийнхэн хүний аминд хүрээгүй гэдгээ мэдэгдэв. Тэгвэл хүний аминд хүрсэн барилга хэнийх болохыг хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ