Түр баяртай орос мөрөөдөл

Хоккей бол оросуудын хувьд стратегийн орд газар л гэсэн үг. Эх орондоо зохион байгуулсан олимпод хоккейгоор медальгүй үлдэнэ гэдэг орос эрчүүдийн зүрх сэтгэлд харуусал гутрал үлдээж байна. Үлгэрлэвээс энэ зун нутагтаа зохиох хөлбөмбөгийн дэлхийн аваргад бразилчууд медальгүй хоцорсноос ялгаа байхгүй. Харин ч илүү байж мэднэ.
Өчигдөр олимпийн хаалтын ёслолын өмнө эрэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолт болж Канадын шигшээ баг олимп, дэлхийн аварга шведүүдийг 3:0-ээр буулгаж авсан. Ингэснээр Канадын хоккейн шигшээ баг түүхэндээ 1920 оны Антверпений олимпоос өнөөг хүртэл есөн олимпийн наадамд аваргалж дээд амжилт тогтоогоод байна. Өмнө нь оросууд болон канадууд адилхан 8 олимпод түрүүлээд байсан юм. Гэхдээ оросуудын хувьд ЗХУ байх үеийн амжилт. ОХУ-ын түүхэнд бол 1998 оны Наганогийн олимпод Чехийн шигшээ багт хожигдож мөнгөн медаль хүртсэнээс хойш амжилт гаргаагүй. Гэхдээ 2008, 2009, 2012 онд тэд дэлхийн аварга болсон.
Тиймээс ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг Сочид ирэхдээ аварга болно гэсэн зорилготой л ирсэн учраас мөнгөн медаль авсан ч харамсахаар нөхцөл байдал бий болоод байлаа.
Гэтэл хэсгийн тоглолтод АНУ-ын багтай маш ширүүн өрсөлдөөнтэй тоглолт үзүүлж эцсийн мөчид хожигдсон. Улмаар хэсгийн тоглолт дууссаны дараа Норвегийг 4:0-ээр ялж илүүрхсэн ч медалийн төлөө Финляндын шигшээ багтай таарсан. Оросуудыг олимпийн түүхэнд нам дарж явсан финнчүүд энэ удаа 3:1-ийн харьцаатай илт давамгай хожсоныг статистик ялсан гэхэд болно.
Ингэснээр орос мөрөөдөл дахин дөрвөн жил нам дарагдлаа. Хэдийгээр нийт медалийн тоо, чанараар ОХУ тэргүүлж баяр хөөр болж байгаа ч хамгийн их хүсэн хүлээж байсан алтан медаль тэднийх болсонгүй.
Оросуудыг ялсан финнчүүд хүрэл медалийн төлөө АНУ-ын шигшээг 5:0-ээр асуудалгүй буулгаж авсан. Америкчууд ч үнэн хэрэгтээ алтан медаль горилж л ирсэн нь тодорхой учир хил залгаа Канадын шигшээд хожигдож аваргын төлөөх найдлагагүй болсон шокноосоо салж амжилгүй байсаар Финляндад хожигдсон. Тоглоогүйтэй ч ялгаагүй шахуу юм болсон доо.
Ингээд дээр дурдсанчлан канадууд амжилтаа шинэчлэн тогтоож харин олимпийн хоёр, дэлхийн есөн удаагийн аварга шведүүд гурав дахь удаагаа аман хүзүүдэж мөнгөн медаль хүртсэнээр энэ удаагийн хоккейн түүх түр завсарлалаа.
Дараагийн олимп Өмнөд Солонгост болно. Тэр хүртэл монголчуудын дэмжих дуртай Оросын хоккейчдийн мөрөөдөл түр завсарлалаа.









Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ