Б.Үүрцайх: Аавын цогцсыг эрж эрэл хайгуул хийгээгүй

Алтай таван богд уулын Малчин оргилоос бууж явахдаа эндсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Л.Болдбаатар агсны охин Б.Үүрцайх, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, Гавьяат тамирчин Б.Гангаамаа нар мэдээлэл хийлээ.

Б.Үүрцайх: Аавын цогцсыг эрж эрэл хайгуул хийсэн зүйл огт байхгүй, тэмдэг тавиад буусан

Аав бид хоёр 2014 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Алтай таван богд уулын Малчин оргилд гарахаар Улаанбаатараас онгоцоор ниссэн. Баян-Өлгий аймгаасаа цааш Цэнгэл сум руу машин хөлсөлж, Алтай таван богд ууланд авирахаар аяллаа эхэлсэн. Ингээд “Бид удаан хугацаанд авиралт хийнэ. Буцахдаа сумын төвөөр дайраад явна” гээд Цагаан гол хэмээх газраас хөлсөлсөн жолоочоо буцаасан юм. Түүнээсээ цааш нэг хоног яваад отог байгуулж, хоёр хоногийн хугацаанд уул руу авирах бэлтгэлээ хийсэн байгаа.

Тэгээд гурав дахь өдрийн өглөө буюу хоёрдугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн үед Малчин ууланд мацаж, 17:30 цагийн үед оргилдоо гарсан. Тухайн үед нилээн хүйтэн, цаг оройтсон байсан учир тэндээ зураг хөргөө авахуулаад доош буухаар болсон. Аав маш их баярлаж “Охинтойгоо Малчин уулын 4037 метр оргилыг эзэллээ. Охинтойгоо өвлийн авиралтын эхлэлийг сайн тавилаа. Цаашдаа энэ бэлтгэлээрээ Хүйтний оргилд гаръя” гэж ярилцаж явсан юм. Оргил дээр маш хүйтэн, хүчтэй шуургатай байсан. Оргилоос буухаар доош 100 метр орчим явж байтал хоёулаа зэрэг шахам хөл алдсан. Осол 20:00 цагийн үед болсон. Малчин уул маань маш давчуу, ар тал нь мөс, урд тал нь нуранги асга хадтай. Энгэр тал нь хад асга ихтэй. Хоёул хөл алдаж, би багажинд орооцолдон тогтсон. Харин аав ойр тойронд харагдахгүй байсан. Уруу газар, нилээд хол өнхөрсөн учир тухайн үедээ бага зэрэг шоконд орсон байдалтай байсан. Тэр шөнө сартай байсан учраас ойр тойрны зүйлс сайн харагдаж байсан. Тэгээд энгэрийн цасыг даган доош явтал аавын үүргэвчийг олсон. Дахиад уруудтал аавын малгайны дуулга хэвтэж байсан. Дараа нь бээлийг нь олсон. Нилээд уруудаад цас дуусахын барагцаанд аавыгаа олсон. Анхан шатны тусламж үзүүлэх гэсэн боловч амьсгал хураасан байсан. Гэхдээ яг тэр үед би аавыгаа нас барчихлаа гэж огт бодож чадаагүй ээ.

-Таныг хоёр, гурван өөр мэдээлэлтэй мэдүүлэг өгсөн тухай зарим хэвлэлд гарсан байсан?

-Ийм мэдээллийг хэн, яаж тараасныг мэдэхгүй байна. Мэдээллийг би маш тодорхой өгсөн. Би аавынхаа сургаалийн дагуу аливаа зүйлд тайван хянамгай ханддаг. Аавынхаа хажууд хоёр цаг орчим хугацаанд сууж байгаад хот руу хэл өгөхөөр шийдсэн. Эрэл хайгуул хийсэн зүйл огт байхгүй. Би аавыгаа үлдээсэн газартаа тэмдэг тавиад явсан. Хаана байгааг нь мэдэж байсан. Тэгээд доошоо цаг хэртэй яваад майхандаа ирсэн. Хүлээж байгаад үүр гэгээрэхээр нь Цагаан голоо уруудаад явсан. Миний очсон айл хүртэл 35 км зайтай. Цагаан голоо уруудаж явсаар нэг айлын хаваржаанд очтол гэр байсан. Айл нь эзгүй байсан учир тэндээ хонож, дахиад үүр цайхад нь холбоо барьсан айлдаа очсон. Тухайн айлын гэрээс сүлжээ барьдаггүй учир нилээд өндөр дээр гарч ярьсан. Хамгийн түрүүнд Улаанбаатар руу ээж рүүгээ ярьж, болсон явдлыг хэлсэн. Тэгээд бидний хүргэж өгсөн жолоочтой холбоо барьж чадсан. Тэр жолооч өмнө нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Жолооч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт хэлж, мэдээлэл хүргүүлж, маш их тус болсон. Баян-Өлгий Онцгой байдлын ерөнхий газрынхан маргааш нь Цэнгэл сумын Цагаан гол руу явсан. ОБЕГ-ын аврагчид замдаа нэг хоноод ирсэн. Ирээд цогцсыг буулгахаар эхний өдөр Малчин уул руу явсан ч цасан шуурга ихтэй байсан учир майхан хүрээд буцсан. Буцаж ирээд мэргэжлийн уулчин хэрэгтэй байгааг аймгийнхаа төв рүү мэдэгдсэн. Ингээд уулын спортын ОУХМ, спортын мастер зэрэг цолтой хүмүүс ирж, тавуулаа дээш авирсан. Энэ нь гурав дахь оролдлого байсан юм. Аавын байгаа газар нь тодорхой учраас олон хүний шаардлага байгаагүй. Дахин хүний амь нас эрсдэх аюултай шүү дээ. Тэгээд шарилыг хоёрдугаар сарын 20-нд 17:00 цагийн үедуулнаас буулгаж, хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагт Улаанбаатар хотод авчирсан. Одоо буяны ажил хийж байна.

Бид өглөө 06:00 цагт яваад оройн 22:00 цагт бууж ирсэн. Тэр оройдоо Өлгий хот яваад, наашаа гарах үйл ажиллагаанд Монголын уулчдын үндэсний холбоо болон ССАЖЯ-наас зардал мөнгөний туслалцаа авч 21-ний 17 цагийн үед Улаанбаатарт ирсэн. Гавьяатай хүн юм болохоор буяны ажил нь сайхан бүтэж байна.

-Эрж, хайх ажиллагаа явагдаж байна гэж байсан. Гэтэл таны хэлснээр тийм зүйл болоогүй юм шиг байна?

-Тиймээ. Би аавын осолдсон газар тэмдэг тавьсан, тэр газраа мэдэж байсан болохоор эрж хайх ажил огт болоогүй. Харин дээр хэлсэнчлэн шалтгаанаар гурав дахь оролдлогоороо шарилыг уулнаас буулгасан.

-Уучлаарай, мөн таныг хоёр, гурван янзын мэдээлэл өгөөд байна гэж байсан?

-Хоёр гурван янзын мэдээлэл өгөөд байна ой ухаан нь самуурсан бололтой гэж мэдээлсэн байсан. Ийм зүйл огт байхгүй, цаг хугацаа ч байгаагүй. Миний хувьд “Малчин ууланд осол гарсан” гэдэг мэдээлэл өгсөн энэ нь ямар сувгаар гажсан юм мэдэхгүй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ