УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танаа

Засгийн газар, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийг гэр бүлийн хөгжлийн жил болгон зарлаад буй. Үүнд ч иргэд бид талархалтай байгаа.
Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд олон нийт, ард иргэд рүү чиглэгдэн эхнээсээ үр өгөөжөө өгсөөр байна. Гэтэл төр засгийн бодлого шийдвэрийг хуулийн нэрээр үл тоомсорлон ард иргэдийг нь дээрэлхэн доромжлох явдал гарсаар байна.
Үүний нэг жишээ нь Баянгол дүүргийн IV хороонд байрлах Голден парк хотхоны иргэд бид болоод байна. 688 өрхийн 3000 гаруй оршин суугч бүхий энэ хотхоны газрыг Материал Импекс компанийн эзэмшил болгон шүүхээс зааж өгснөөр бид бүхэн гудамжинд гарах дээрээ туллаа.
С.Эрдэнэ сайд та Баянголчууд бидний саналыг авч удаа дараа УИХ-д сонгогдон улмаар төр засгийн амин чухал салбар болох яамаараа дамжуулан ард иргэд рүүгээ төрийн бодлогыг голчлон хэрэгжүүлдэг билээ.
Гэтэл таныг сонгосон баянголчууд бидний эрх ашгийг Материал импекс компанийн захирал Б.Зориг болон ЗХШ-ийн шүүгч О.Зандраа нар уландаа гишгэж байгааг анхааралдаа аваасай хэмээн энэхүү захидлыг хүргүүлж байна.
Захиргааны хэргийн 2011 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 389 тоот шийдвэрээр “... баригдсан орон сууцны доорх газрыг газар эзэмшигч “Материал импекс” ХК зохих журмын дагуу олон нийтийн эзэмшилд нийцүүлэх нь зүйтэй...” гэж маш тодорхой заасан байтал эрхэм шүүгч О.Зандраа өөрийн ашиг, сонирхлын төлөө энэхүү шийдвэрийг үгүйсгэж нэг компанийн захирлын талд 688 айлын 3000 гаруй оршин суугчийг гудамжинд гаргахаар шийдвэр гаргаад байгаа.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, иргэдийн бус мөнгөтэй компанийн талд ашигтай байхаар шийдвэр гаргаж байгаа нь биднийг гудамжинд гар гэснээс ялгаагүй гэдгийг тэр хүн мэдэхгүй биш мэдэж л байгаа.
Таны тойрогт оршин суугч 3000 гаруй иргэд бидний эрх ашгийг зөрчсөн энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна гэдэгт танд гүнээ итгэж байна.
Мөн таны голчлон хэрэгжүүлж буй гэр бүлийн хөгжлийн жил болгон зарласан бодлогод тань дээд зэргээр харшлах явдал ч энэ мөн юм. Байгаа бүхнээ хашаа хороотойгоо зарж орон сууцанд орсон иргэд биднийг банкны зээлд дарлуулчихаад одоо гудамжинд гаргах гэж байгаа нь гэр бүлийн хөгжлийг дэмжиж байгаа хэрэг гэж үү.
Удаа дараа Баянголчууд бидний итгэлийг дааж, иргэд оршин суугчид бидний эрх ашгийг УИХ-д төлөөлсөөр ирсэн таныг 688 өрх айлын эрх ашгийг анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна.
Баянгол дүүргийн Голден парк хотхоны иргэдийн төлөөлөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ