Н.Энхбаяр улс төрд орохоор яарч байна

УИХ-ын намрын чуулганы завсарлагаар эрхэм гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцав. Тэр цөөнгүй асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.
-УИХ 2014 оны улсын төсөв батлахдаа ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон ч өнөөдөр 1780 төгрөгт хүрлээ. Бараа таваарын үнэ ч өссөөр буйн учир юунд байна вэ?
-Ерөнхийдөө улсын төсвийг маш яарч баталсан л даа. Долларын ханш өссөн нь МАНАН-ы Засгийн газраас улбаатай. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон мөртлөө Оюутолгойгоос хэт хараат байдалд орсон. Уул уурхай, тэр дундаа алтны талаар зөв бодлого баримталж чадаагүй. Уул уурхайнлицензийг хориглосон нь гадаадын хөрөнгө оруулалтыг огцом зогсоосон гэж болно. Шинэчлэлийн Засгийн газар хүндхэн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа эхэлсэн ч ажил хэрэгч бодлого боловсруулахын оронд популист маягийн бодлого явуулж байна. Ялангуяа улс орныг өрөнд оруулсан. Тиймээс долларын ханш огцом өсч, мөнгөний хомсдол бий болж эхэллээ.
-Намрын чуулганы завсарлагаар юу хийж байна даа.
-Арваад хуулийн төсөл дээр хуулийн багийнхантай ажиллаж байна. Хаврын чуулганд багтаад өргөн барих санаатай. Зүүн аймгуудаар явах төлөвлөгөөтэй байсан ч шүлхий өвчин гараад хорио цээр тогтоочихлоо. Ямар янзтай байхыг харж байгаад л болно доо. Бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар орж, УИХ-аас баталсан хууль тогтоомжуудыг сурталчлах зорилго бий. Хуульч мэргэжлийн хүний хувьд бодлогын чанартай баримт бичиг боловсруулах, зарим хуулийг боловсронгуй болгох нь миний үндсэн үүрэг учраас түүнийгээ биелүүлэхээр өөрийгөө дайчлан ажиллаж байна.
-Сонгуулийн тухай хууль нэлээд явцтай байгаа. Парламентын бус намыг төрөөс санхүүжүүлэхгүй гэсэн яриа байна?
-Монголоос өөр сонгууль болгоноор хуулиа өөрчилдөг улс байхгүй биз. Авлигачдыг ард түмэн сонгохоо багасахын хэрээр хуулийн бололцоог улам бүр эрж хайж байна. Энэ удаа ч тийм. Тухайлбал, томсгосон тойрог гэдэг нь зөвхөн мөнгөтэй хүн сонгуульд өрсөлдөнө гэсэн үг. Миний хувьд тэгш эрхийн зарчим барих үүднээс эсвэл дан пропорциональ, эсвэл дан можаритор тогтолцоо байх ёстой гэж боддог. Жижиг намуудыг татан буулгах гэдэг нь АН-ын солиорол ш дээ. Монголоо гэсэн бодол байвал олон ургальч үзлийг дэмжих учиртай. Үүний илрэл нь олон намын тогтолцоо шүү дээ. Жижиг намууд хар машиныг программчлахад гай болоогүй, эсвэл хар хайрцагны бодлогыг алдагдуулахад төвөг болоогүй л биз дээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг үг бий. АН булшлагдсан хэмээн Баабар нэгэнтээ хэлж байсан нь ортой байна шүү гэж бодогдлоо. Намын санхүүжилтийн хувьд төрөөс санхүүжүүлэхээс өөр гарц алга. Ингээгүй цагт нам бизнесменүүдийн гарт атгуулж, авлига цэцэглэсээр л байх болно.
-Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн уриалга дэвшүүлж, төрийн байгууллагууд шат шатандаа хэлэлцэж байна. Үүний хэрэгжилт Танд мэдрэгдэж байна уу?
-Ерөнхийлөгчийн уриалгыг үндэсний хэмжээнд авч хэлэлцэн дэмжсэн. Хамгийн сүүлд УИХ-ын дарга З.Энхболд том төрөөс ухаалаг төр лүү шилжихэд захиргаадалт хэрэгтэй гэсэн санаа дэвшүүллээ. Миний хувьд аль алинтай нь санаа нийлдэггүй. Учир нь захиргаадалт, хүнд суртал хоёр хоорондоо шууд хамааралтай. Харин ч төрийн байгууллагын ажил үйлчилгээ түргэн шуурхай, хүнд сурталгүй байх ёстой. Ер нь том төр нь ухаангүй гэсэн санаа биш л дээ. Гол нь мэдлэгт суурилсан төрийн бодлогыг хэвшүүлэх ёстой. Том, жижиг эсвэл ухаантай, тэнэг гэдэг тухай яриа бол угтаа шоу юм. Мэдлэгтэй нь ажиллаж, мэдэхгүй нь суралцах хэрэгтэй. Харамсалтай нь АН-ын томилгоонд боловсролгүй хүмүүсийн томилгоо их байна. МАХН-ын хувьд ч шинэчлэлийн засагт багтсаны хувьд МАН-ын хүмүүсийг төрийн албанд томилж, эргээд тэр хүмүүсээрээ доромжлуулж байгаа.Эмгэнэлтэй байгаа биз дээ.
-Түрүүнд танайнамынхан хэвлэлийн бага хурал хийж, бүр зодолдсон хүмүүсийн талаар хэлж байгаа юм уу?
-Тийм ээ, тухайлбал Баярсайханыг НМХГ-ын даргаар, Ганзоригийг ШӨХТГ-ын хэвлэлийн албаны даргаар томилж байсан. Дараа нь тэднийг МАН-ын хүмүүс хэмээн халж байх юм. Энэ нь Тэрбишдагвын алдааг харуулж байгаа хэрэг. Ер нь энүүхэндээ гэж хэлэхэд Тэрбишдагвын хувьд МАХН-ын дэд даргын байр суурин дээр ажиллаж чадахгүй, намыг мөхөл руу нь чирч байна гэж би боддог. Энэ байдлыг мэддэг хүмүүс хошин шогийн тоглолт хэмээн хэлж байналээ.
-Та ойрын үед намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан уу?
-Манайхан Солонгост очиж шинэлгээ хийхэд уулзсан. Тэнд эмчилгээ хийлгэж байхад нь ч хэд хэд очиж эргэсэн.
-Н.Энхбаяр дарга Монголд удахгүй ирэх үү. Бие нь ямар байгаа вэ?
-Биеийн байдлын хувьд ямар байгааг эмч л хэлэх байх. Ер нь ирэх нь ойртож байгаа.Яагаад гэвэл хэвлэлээр муулах нь ихсээд хуулийн байгууллагынхан гүтгэх ажлаа эрчимжүүлж байгаа сурагтай. Өөрөө ч би маш хурдан очмоор байна.2014 ондоо улс төрд ормоор байна. Бүх сум, хороогоор явмаар байна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсад мэдээллийн хүчирхийлэл газар авчихсан үед юуг ч юу ч гэж тайлбарлаж болохоор болчихсон. Тийм учраас үүнд анхааралтай хандаж, сууриараа зөв ажиллах ёстой гэж хэлж байсан. Бас Энхбаяр дарга надад хэлэхдээ, 2012 оны гуравдугаар сард буюу баривчлагдахаасаа сарын өмнөхөн МАН-ын дарга Сү. Батболдтой уулзсан гэсэн. Үүний дараахан С.Баяр, Сү.Батболд, Д.Дорлигжав нарын хүмүүс үгсч, өөрийг нь хорьсон хэмээн хэлж байсан. Одоо ирэх сургаар нь хэвлэлээр төлбөртэй худал мэдээлэл тарааж байгааг бодоход түүний хэлсэн үг үнэн ч юм болов уу гэж бодож байна.
-МАХН-ын их хурал хэзээ болох вэ?
-Ерөнхийдөө тавдугаар сарын үед хийх юм болов уу даа. Би эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад намын дотоод ажилд тэр бүрий оролцож чадахгүй байгаа. Тиймээс бүх зүйлийг холоос ажигласан байдалтай л харж явна. Ямар ч байсан эхлээд бага чуулган хуралдаж таарна.
-Таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулахад эмзэглэдэг үү?
-Надад санаа авчихмаар шүүмжлэл байгаа бол эмзэглэдэггүй. Би анх УИХ-ын гишүүн болохдоо хэлж байсан. Намайг эхлээд шоолно, дараа нь муулна, эцэст нь дагана гэж. Одоо бол муулах шатандаа явж байх шиг. Зарим нь мэдэхгүйдээ муулж, зарим нь мэдсээр байж муулдаг. Нэг авлигач 200 орчим хүн тэжээж байна. Ганцаараа идэхгүй ш дээ. Харин дарангуйлагч бол 2000 шахам хүн тэжээдэг. Манай УИХ-ын ихэнх нь авлигачид, төр дарангуйлагч болсон болохоор гар хөл бологсод нь зүгээр суухгүй нь ойлгомжтой. Анх би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шүүмжилсэн. Бодлогынх нь хувьд, УИХ-д оруулж ирж буй баримт бичгийнх нь хувьд. Сайд мөртлөө хуулиа биелүүлэхгүй байгаа хүнийх нь хувьд шүүмжилсэн.
Одоо та нар хар, хэнийх нь үнэн байна. Жишээлбэл, дэлхийн улс орнуудын нэг шоронгийн хоригдлуудын тоо 500-аас хэтэрдэггүй. Гэтэл манайх 1500 хүнтэй шорон барихаар төлөвлөсөн. Үүнд зориулж тахрын алба байгуулчихлаа. Эцсийн эцэст энэ бүхний харгайг Монголын ард түмэн биеэрээ төлнө. Гэх мэт хагас солиотой хүний шинжтэй, үндэсний аюулгүй байдлын эсрэг хүчний байгууллагыг дархлаагүй болгосон үйлдлийг шүүмжилсэн. Үүний төлөө би гутаан доромжлохыг хангалттай амсч байгаа. Одоо ч гэсэн намайг муулна л биз. Би муулуулахаас айхгүй. Гашуун үнэнийг цагт нь хэлээгүйгээсээ л айна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ