Шүүх эмнэлгийнхнийг яах вэ

"Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" буюу бидний хэлж дадсанаар "Шүүх эмнэлэг" тойрсон хэл тасрахгүй шинжтэй. Шүүх эмнэлгийнхэн найз залуудаа зодуулж амиа алдсан 21 настай эмэгтэйн цогцост хийсэн хоёр ч удаагийн дүгнэлтээрээ гадны нөлөөгүй гэсэн хариу гаргаж гэнэ. Хоёр дахь задлан шинжилгээний хариу тодорхой өнөөг хүртэл олон нийтээс нууцалсаар байгаа ч эх сурвалжийн мэдээллээр өмнөхөөсөө төдийлөн ялгарахгүй хариу гарсан гэх.
Өмнөх хариу гэдэг нь өнөөх олон нийтийг бухимдуулж ерөнхийлөгчийг хүртэл "ингэж эсэргүүцэв үү" гэж эгдүүцтэл нь гарсан утгагүй дүгнэлт. Анхны тусламж үзүүлсэн Гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нь хүртэл “гадны нөлөөтэй” гэдгийг баталсаар байтал шүүх эмнэлгийнхэн талийгаач Б.Цэдэн-Ишийг цөс нь цоорсны улмаас нас барсан гэжээ.
Манай улсад эрүүгийн хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлтийг чухалчилж үздэг практик тогтсон. Тэгэхээр эндээс гарах дүгнэлт зүгээр нэг бичиг цаас биш, хохирогчид, тэдний ар гэр, гэмт хэрэгт холбогдогсдын хувь заяанд нөлөөлөх хамгийн том дүгнэлт учир хамгийн хариуцлагатай бөгөөд мэргэжлийн өндөр чадвартай, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажилладаг.
Маш хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжил учраас цалин нь 3-4 сая гэх мэдээллийг уншиж байсан.
Тэгвэл удаа дараагийн олны анхааралд өртсөн хэргүүдэд гаргасан тус эмнэлгийн дүгнэлт ард иргэдийг, нийгмийг тэр аяар нь бухимдуулсаар л байдаг. Ийм нөхцөлд Х.Тэмүүжин сайдын салбартаа хийж байгаа шинэчлэл энэ газарт хүрч байна уу гэж асуумаар.
Ёстой л ёзоороор нь цэвэрлэхгүй бол болохоо байсан газар гэмээр юм уу. Эргэн сануулбал хохирогч эмэгтэйг өлссөндөө болоод олон метрийн урттай марль залгичихсан, хавирга нь хугарч, цөс нь няцарч бүх биеэр нь тархаж амиа алдсан гэмтлийн эмчийн дүгнэлттэй талийгаачийг "шууд бус"-аар хавирга нь хугарсан (шууд бусаар хугарна гэдгийг бодит байдалд юу гэж тодорхойлох вэ..?) архаг үрэвслийн улмаас үүссэн цөсний цооролтоос болж амьсгал хураасан гэх буюу цэрэгт амиа алдсан, эрүүлжүүлэх байранд амиа алдсан залуусыг зүрхний шигдээс гэх мэтээр дүгнэлт хийж гаргадаг шүүх эмнэлгийнхэн яаж ажиллаад байна вэ?
"Иргэдийн шударга шүүх" хэмээх төрийн бус байгууллагаас тус газрыг мөнгөтэйд нь ашигтай шийдвэр гаргаж, мөнгөгүйг нь хохироодог гэж шүүмжилж л байсан.
Нийгэм даяараа тэднийг шүүмжилж, буруутгаад байхад чих нь ч хөдөлдөггүй "ингэж эсэргүүцээд" байгаа шүүх эмнэлгийнхнийг яах вэ?
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ