Челси 1:1 Галатасарай, Реал Мадрид 6:1 Шалькеьке

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд урд шөнө өндөрлөлөө. Английн багууд болох Арсенал, Манчестер Юнайтед өрсөлдөгчдөдөө 2:0-ийн харьцаагаар ялагдаад байсан юм. Тиймээс шигшээ наймд үлдэх сүүлчийн найдварыг англичууд Челсид хүлээлгээд байсан гэж болно.

Тэгвэл урд шөнийн тоглолтод Челси Туркийн Истанбул хотноо зочилж Галатасарай клубтэй эхний тоглолтоо хийж 1:1-ийн харьцаагаар эвийн гэрээ байгуулаад байна.

Тоглолт эхлээд ес дэх минутад Аспиликуетагийн дамжуулалтаар Фернандо Торрес гоол хийснээр тоглолт Челсигийн давамгайлал дор үргэлжлж байсан хэдий ч 65 дахь минутад Шнайдерийн дамжуулалтаар Аурелиан Чежоу гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар Моуриньогийн залуус үлдсэн цагт довтолгооноос илүүтэй хамгаалалтаа чухалчилснаар цаг ийнхүү тэнцээгээр дууссан юм. Магадгүй Моуриньо Роберто Манчинигийн сөрөг довтолгооноос хаширласан байж болох юм. Тэрээр гуравдугаар сарын 18-нд Лондоны Стэмфорд Бриджд болох хариу тоглолтдоо шийдсэн мэхээ хийх бололтой.

Урд шөнө болсон өөр нэг тоглолтод испанийн клуб илт давамгай ялалт байгууллаа. Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб Германы Шалькег талбайд нь 6:1-ээр хожсоноор хариу тоглолтоо яаж ч муу хийсэн дараагийн шатанд шалгарах эрхээ бараг халаасалж орхилоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ