Далайн дээрэмчдийн тухай “сонирхолтой” баримтууд

Далайн дээрэмчид нь хүн төрөлхтөн хөлөг онгоц бүтээж эхэлсэн тэртээх он жилүүдэд бий болсон амь зуух адал явдлын адармаатай сонголт байсаар иржээ.
Эдүгээ ч Индонез, Сомали, Серби ба Румын, Карибын тэнгисээр үзэгддэг далайн дээрэмчдээс болж жил бүр $13 - $16 тэрбум ам.долларын гарз гардаг байна. Ингээд далайн дээрэмчдийн тухай дараах “сонирхолтой” баримтуудыг сонирхоно уу.
- Далайн дээрэмчид XV зууны тэртээ далай тэнгист олноор үзэгдэх болсон бөгөөд хэдэн мянгаараа тоологдох тэдний “алтан үе“-ийг XVI - XVIII зуун гэж үздэг байна. Тэдний эсрэг цөөнгүй улс орон эртнээс тэмцсээр ирсэн ч Их Британий цэрэг армийнхан далайн дээрэмчдийн давалгааг цөөлөхөд хамгийн дорвитой арга хэмжээг авсан гэлцдэг.
- Далайн дээрэмчдийн олонх нь хөлгийн тавцан дээр эмэгтэй хүн байлгах нь муу ёрыг зөгнөдөг гэж үздэг ба хөлөг дээр исгэрэх нь цаг агаарыг муутгаж улмаар “шуурга” дэгдээдэг гэж итгэдэг байна. Түүнчлэн чихэндээ алт ба мөнгөөр ээмэг хийлгэж зүүх нь түгээмэл байсан ба энэ нь харааг сайжруулдаг гэж үздэгтэй нь холбоотой аж.

- Далайн дээрэмчид өөр хоорондоо ойлголцох сонирхолтой “хэл яриа”-тай байсан бөгөөд заримаас нь сийрүүлбэл: “Ahoy” - Hello, “Aye” - Yes, Definitely, “Aye Aye” - Of course, I’ll Do That Now, “Blimey” - Wow, “Bucko” - Friend, “Fair Winds” - Good Luck гэсэн утгатай байдаг гэнэ.
- Эх сурвалжуудын тэмдэглэснээр далайн дээрэмчид нүдний халхавч зүүж далайн аялалд гарах нь түгээмэл байдаг. Тэгвэл энэ нь нүдний гэмтэлтэй нь холбоотойгоос гадна хөлөг дээрх орчинд нүдээ дасгахын тулд зүүдэг байсан гэнэ. Далайн дээрэмчид ч гэлтгүй усан цэргүүд хөлгийн дээд тавцан руу гарахдаа наранд нүдээ гялбахаас сэргийлж нүдний халхавчийг зүүдэг байжээ. Орчин цагт анагаах ухаанд харааны эмгэгтэй зарим хүүхдүүдэд эмчилгээний зорилгоор нүдний халхавчийг зүүлгэдэг байна.

- Далайн дээрэмчид нь хөлгийн багт нэгдэхдээ “The Pirate Code” буюу тодорхой заалт бүхий андгай тангаргийг өргөдөг бөгөөд үүнийг зөрчвөл тухайн нөхцөл байдлаасаа хамаарч харилцан адилгүй шийтгэл оноодог байжээ. Тухайлбал эмэгтэй далайн дээрэмчин багийнхаа хэн нэгэнтэй сексийн харилцаанд орвол түүний толгойг таслаад биеийг нь хөлгүй далайд шиддэг журамтай байсан бол зарим шийтгэл нь дүүжлэх, эзэнгүй арал дээр орхих зэрэг байжээ.
- Тэд чийг бамын өвчнөөс сэргийлж “грог” хэмээх нэгэн төрөл сархадыг зооглох нь түгээмэл байжээ. Энэ нь биед С амин дэм дутагдсанаас үүсдэг эмгэг бөгөөд хүндрэл нь шүд үйрч унахад хүргэдэг байна. Үүнийг ром дарсыг элсэн чихэр ба ус, мөн “Lime” жимсний шүүсийг хольж бэлтгэдэг байжээ. “Lime” нь цитрусын төрлийн жимс бөгөөд амин дэм С-гийн хэрэгцээг бүрэн хангадаг гэж үздэг байжээ.

- “Telegraph” сэтгүүлд бичсэнээр түүхэнд модон хөлтэй хоёр л далайн дээрэмчин байсан бөгөөд тоть тэжээдэг байсан далайн дээрэмчин огт байгаагүй гэнэ. Гэхдээ зарим эх сурвалжид “Macaw” хэмээх тотийг цөөнгүй далайн дээрэмчид тэмжээдэг байсан гэнэ. Өдгөө дэлхий дээр 372 гаруй тоть байх ба энэхүү тотийг далайн дээрэмчид хамгийн их таалдаг байсан аж. “Macaw” тоть нь Өмнөд Америк ба Африкаар нутагладаг 30 жил амьдрах чадвартай хамгийн ухаалаг тоть юм.

- Дэлхий дахинд одоо ч цуутай нилээд хэдэн далайн дээрэмчид байдаг бөгөөд үүнээс хамгийн алдартай нь Бартоломев Робертс хочит Жон Робертс (1682 - 1722) юм. Тэрээр түүхэн дэх хамгийн айхтар дээрэмчин байсан ба 470 гаруй хөлөг онгоцыг дээрэмдсэн гэдэг. Түүний тухай маш бага мэдээлэл байх агаад 13 настайдаа анх далайд гарч байсан юм байна.

- “Time” сэтгүүлд бичсэнээр Юлий Цезарь амьдралдаа хоёр ч удаа далайн дээрэмчдэд баригдаж байсан гэдэг. Газар дундын тэнгис орчимд олзлогдсон тэрээр дээрэмчдийг эрхгүй жигшин зэвүүцэж, хэрэв түүнийг суллах л юм бол амийг нь хороох болно гэж ам гарчээ. Дээрэмчид Цезарийн эл үгийг инээдэм наргиа болгон өнгөрөөсөн ч суллагдсанаасаа хойш хэдхэн өдрийн дараа Юлий хэлсэн амлалтдаа хүрч дээрэмчдийн амийг тасалсан байна.

- Түүхэнд цөөнгүй эмэгтэй далайн дээрэмчид бүртгэгдсэн байх агаад хамгийн их хүндлэгдсэн цуутай нэгэн бол Энн Бонни (1702 - 1782) бөгөөд тэрээр далайн дээрэмчдийн “алтан үе”-ийн алдартай ахмад Жон Рэкхемийн (1682 - 1720) гэргий байсан аж. Ирландад төрсөн тэрээр Карибийн тэнгисийг атгасан овжин нэгэн байсан бөгөөд далайн дээрэмчин Жон Рэкхемийн хөлөг онгоцонд эр хүний дүр исгэн орж чадсан адтай бүсгүй байжээ.

- Далай дээрэмчдийн сүр хүчийг илэрхийлдэг нэг зүйл бол “Jolly Roger” далбаа юм. Хэн ч энэхүү далбааны хэрхэн бүтсэн үүх түүхийг мэдэхгүй бөгөөд зарим эрдэмтэд үүнийг Испаний “Jolie Rouge” далбаанаас санаа авсан байж болох юм гэж үздэг. Тухайн үед бүх далайн дээрэмчид энэхүү далбааг хэрэглэдэггүй байсан ба янз бүрээр загварчлан хэрэглэдэг байсан байна. Далбааны тухай анхны мэдээлэл 1724 онд нийтийн хүртээл болжээ.

- Дэлгэцийн олонх бүтээлд далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг нүсэр хэмжээтэйгээр дүрсэлсэн байдаг. Тэгвэл “Yahoo.com” сайтад бичсэнээр далайн дээрэмчдийн хөлөг онгоц тийм ч сүрдмээр том хэмжээтэй байдаггүй юм байна. Түүхэнд хамгийн томд тооцогддог дээрэмчдийн жинхэнэ хөлөг онгоц нь Английн далайн дээрэмчин, ахмад Самуэл Белламигийн (1689 - 1717) “Whydah Gally” хөлөг байсан ба энэ нь 31 м урт, 300 тн жинтэй - 28 их буутай байсан гэнэ.
Далайн дээрэмчидтэй холбоотой дэлгэцийн цөөнгүй бүтээлээс үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн бүтээл бол “Pirates of the Caribbean” цуврал бүтээл билээ. Өдгөө 4 анги нь үзэгчдийн хүртээл болоод байгаа киноны №5 дахь ангийг “Dead Men Tell No Tales” нэрийн дор 2015 онд гаргах аж. Ингээд “Pirates of the Caribbean” кинотой холбоотой зарим нэг сонирхолтой баримтуудыг сонирхуулъя.
- “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” (2003) - Жэк нэртэй сармагчинд Тара гэдэг 10 настай эм, Леви нэртэй 8 настай эр “Capuchin” сармагчиныг ээлжлэн тоглуулж байсан гэнэ.
- Pirates of the Caribbean: Dead Man's Chest” (2006) - “IMDB” сайтад бичсэнээр энэ ангийг Хятадад гаргахыг хориглосон байдаг бөгөөд үүнийг хүн хүнээ иддэг “Cannibalism”-тай холбон тайлбарласан байдаг байна. Харин 2007 оны ангийн тухайд Хятадад гаргахыг хориглосон байдаг нь жүжигчин Чо Юн Фатын хэсгээс болсон ба Хятад хүмүүсийг зохисгүй өнцгөөс гаргасан гэж үзсэний улмаас хоригложээ.

- “Pirates of the Caribbean: At World's End” (2007) - Энэ анги нь кино ертөнцийн түүхэн дэх №1 хамгийн үнэтэй бүтсэн киногоор нэрлэгдээд байгаа бөгөөд нийт өртөг нь $300 сая ам.доллар юм. Энэ нь “Бөгжний эзэн” цувралын гурван ангийн бүтсэн өртгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн аж.
- “Pirates of the Caribbean: On Stranger Tides” (2011) - Зураг авалт нилээд хэдэн өдөр цаг агаарын маш хүйтэн нөхцөлд өрнөжээ. Энэ үеэр жүжигчин Жонни Депп кино багийн 500 гаруй нөхдөдөө ус нэвтрүүлдэггүй, дулаахан хүрэм авч өгөхийн тулд $64.000 ам.доллар зарцуулсан гэдэг. Мөн энэ ангийн зураг авалт хийгдэж байх үед жүжигчин Пенелопе Круз хөл хүнд байжээ.
- “Pirates of the Caribbean: On Stranger Tides” (2011) - Кокос жимсний мододтой ширэнгээр явдаг хэсэгт кокос жимс унах эрсдэлтэй учир урьдчилан явах замд нь таарсан кокосны моддоос нийт 773 кокос жимсийг түүж Жонни Депп ба Пенелопе нарын дээрээс унах аюулыг холдуулж байжээ. Дараа нь энэхүү жимсээ нутгийн иргэдэд тарааж өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ