Аавынхаа толгойг хага цохивол жаргах нь

Монголд хоёр хүүхдийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэг хэмжээгээр өртдөг тухай бид бичиж, ярьсаар байна.
Одоо яах ёстой вэ, гэр бүлийн хүчирхийллээс бяцхан үрсээ хэрхэн яаж хамгаалах вэ хэмээн урьдчилан сэргийлэх талаас нь яриад л.
Тэгвэл нялх үрсээ хамгаалах гээд байгаа тэр хүчирхийлэгчид нь хүүхэд насыг дайрч гарсан л байж таарна. Учир юу гэвэл эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна, яаж үлгэр дууриал болж байна гэдгээс ирээдүйн хүчирхийлэгчийг өсгөх үү, үгүй юу гэх зэргээр маш их зүйл шалтгаалж байгаа гэдгийг л хэлэх гэсэн санаа.
Харамсалтай нь хүүхдийн хүмүүжилд эцэг эхээс нь дутахгүй нөлөө үзүүлж чадах ном гээч маань өнөө цагт ийм л болж.

Хүүхдэд зориулагдсан юм бүхэнд төрөөс бодлогоор хяналт тавьж стандарт тогтоох хэрэгтэй. Даан ялангуяа хүүхдийн нөхөр номыг. Аав нь ээжийг нь "нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал" зодож байгааг хүүхэд нь нуугдаж хараад эцгийнхээ толгойг хага цохиж алахаар л амар сайхандаа жаргадаг юмсанж. За ийм номыг хүүхэд багачууд маань уншиж байхад бид мянга хүчирхийлэл гэж яриад яах вэ дээ. 
Өөхөн дэнгийн гэрэлд өвөө эмээгээрээ үлгэр, туульс хайлуулж өссөн хүүхдүүд тэр цагийн монголчуудын амьдралын холч арга ухаан, ёс суртахууны асар баян далайгаас ханатлаа ундаалж өссөн гэхэд маргахгүй биз.
Тэгвэл шинэ зууны эхэн үеийн шинэ монголчууд бид үр хүүхдүүдтэйгээ зэрэгцэн интернэт, фэйсбүүкт донтохын хажуугаар иймэрхүү ном, сурах бичгийг хүүхдүүддээ зорилан хэвлэж байх юм.
Доройтлоо доройтлоо гэхэд ирээдүй үеийнхнийхээ оюун ухааныг баллаж сохлох зүйл хийхгүй байх сан. Төр засаг ч уул уурхай, зэс нүүрснээсээ нэн түрүүнд ийм асуудалд хатуу бодлоготой хандаж анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.



Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ