Мисс Б.Бадамцэцэг: Би зөв аальгүй...

Монголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл “Хэцүү анги” уран сайхны олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонтой анх уулзаж байсан Б.Бадамцэцэг “Miss Mongolia-2010” наадмын тэргүүн байрын шагналыг хүртэж, дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаж шагнал хүртсэн бахархал болсон сайхан бүсгүйчүүдийн залгамж халаа юм. Өдгөө загварын тайзнаа алхаж, моделийн ажлыг хийдэггүй тэрбээр мисс гэдэг нэрээ эрхэм, цэвэр авч үлдэхийг хүсдэг нэгэн.

Ээжийнхээ мэргэжлийг өвлөн эмч болохоор суралцаж буй түүний үзэл бодол хийгээд амьдрал, уран бүтээлийн талаар энэ удаагийнхаа дугаарт ярилцсанаа эрхэм уншигч танд хүргэж байна. Тэрбээр бидэнтэй ярилцах үеэрээ нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага аваад байсан Монголын чадвар­лаг хамтлагуудын нэг болох “Салхи” хамтлагийн шинэхэн уран бүтээлийн клипэнд тоглоод завгүй байсан юм. Тэрбээр манай сэтгүүлд анх удаа гэр бүлийнхээ талаар, хэн хүн ч мэддэггүй хоббиныхоо тухай гээд олон нууцаа дэлгэж ярьсан юм.

- Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийг ямар жил байгаасай гэж бодож байна вэ? Сүүлийн үеийн сонин хачнаасаа хуваалцаач.
- Хүн бүхэн жил бүрийг ажил үйлс, бүх зүйл сайн сайхан жил байгаасай гэж хүсдэг. Би ч мөн адил сурлага хөдөлмөр, ажил үйлсэд маань тийм сайхан жил байгаасай гэж хүсч байна. Би хичээл номондоо шамдаж, илүү их хичээхийг хүсч байна. Хэдийгээр хоёр жилийн дараа сургуулиа төгсөх ч одооноос илүү их мэрийж, дэвшилттэй байхыг хүсч байгаа. Яг одоогоор “Салхи” хамтлагийн ах нарынхаа хайрын сэдэвтэй шинэ уран бүтээлийн клипний зураг авалттай байна. Манай ээж Монгол, Солонгосын хамтарсан Дорнын анагаах ухааны төвийн захирлаар ажилладаг. Ээжтэйгээ хамтраад шинэ оны өмнөхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа Асрамжийн төв дээр очно гэж төлөвлөж байсан ч арай амжаагүй. Тэр асрамжийн төв дээр сүүлийн гурван жил дараалан очсон. Энэ жил ээжийнхээ эмнэлгийнхэнтэй хамтарч очоод хүүхдүүдэд үзлэг хийж, шинэ оныг тэдэнтэй сайхан өнгөрөөнө гэж бодож байсан ч цаг зав болж өгсөнгүй. Асрамжийн төвийн хүүхдүүд маань бас өөр хөтөлбөртэй болсон.

Оюутны амралт эхлээд ойрд завтай байгаа болохоор одоо асрамжийн төв дээр очиж, ээжийн эмнэлгийн эмч нар хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийхээр төлөвлөж байна. Facebook, Instagram-ын найзууддаа мөн уриалга гаргаад энэ ажилд хамтран оролцооч, асрамжийн газрын хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарахад хувь нэмрээ оруулаач гэсэн хүсэлтийг маань маш олон хүн сайхнаар хүлээж аваад томоохон хэмжээний ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорилго нь гэвэл энэ удаа хүүхдүүдийг эрүүлжүүлэх, витаминжуулах явдал юм. Бас ганцхан Нийслэлийн Засаг даргын харьяаны асрамжийн газарт биш бусад бүхий л асрамжийн газруудад энэ үйл ажил­лагааг явуулаач гэсэн саналууд ихээр ирж байгаа учраас энэ ажлыг өргөн хүрээтэй хийхээр төлөвлөж байна. Ээжтэйгээ хамтарч хийх гэж байгаа анхны ажил учраас өргөн хүрээтэй болох байх гэж найдаж байгаа.

- Дэлхийн олон улс, орнуудад миссүүд гэхээр энхийн элч, хүмүүн­лэгийн үйлстнүүд байдаг. Монголд миссүүд энэ чиглэлээр ажиллаж чаддаггүй юм шиг санагддаг юм. Хүмүүнлэгийн чиглэлээр хийсэн ажлыг тань асууна гэж бодож байтал ийм ажлыг аль хэдийнэ хийдэг байсан байх нээ?
- Би мисс болсноосоо хойш ийм үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Дөрөв­дүгээр ангиасаа энэ ажлыг эхлүүлсэн юм. Дэлхийн шатрын аварга А.Энхтуул бид хоёр ээжийнхээ гэдсэнд байхаас л найзууд билээ. Тэд маань биднийг гэдсэнд байхаас л найзалж, нөхөрлөдөг байсан. Хоёр ээж маань цалингаа цуглуулж байгаад 2004 онд “Сэтгэлийн өглөг” нэртэй асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг өгөх үйл ажиллагааг анх зохион байгуулж бай­сан түүхтэй. Тэр цагаас хойш 2010 онд мисс болсоныхоо дараа очиход нөгөө хүүхдүүд маань маш том болчихсон, яагаад удаан ирээгүй юм бэ гэж надаас асууж байсан. Тэгээд л би “Энэ хүүхдүүд намайг санадаг юм байна. А.Энхтуул бид хоёрыг үгүйлдэг юм байна” гэж бодоод ойр ойрхон очдог болсон. Мисс болсноосоо хойш тэр асрамжийн газраас гадна дахиад гурван өөр асрамжийн газарт очдог болсон. Бас хөгшчүүлийн асрамжийн төв дээр очдог болсон.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ