Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэж "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" байгуулна
Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажиллуулах зорилгоор тус яамны дэргэдэх бүх төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" болгож, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. БХЯ-ны харьяанд шинээр байгуулсан төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
Тус яамны харьяанд цэргийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн "Бөртэ", цэргийн амралтын "Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв", байлдааны зориулалттай сум, галт хэрэгсэл, зэвсэглэл техникийн экспорт, импорт, засвар үйлчилгээний "Транссэргэлт", барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн "Монгол цэрэг констракшн", хамтарсан хөрөнгө оруулалттай "Батпромимпекс", батлан хамгаалах салбарын барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавих "Барилга захиалагчийн алба" зэрэг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд ажиллаж байсан юм.
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл"-ийг байгуулахад улсын төсвөөс ямар нэг зардал гарахгүй, цаашид үйл ажиллагааны орлого, гадны хөрөнгө оруулалтаар өөрийгөө санхүүжүүлэн ажиллах юм.
Товчхон:
- 2014 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах Зэвсэгт хүчний цэргийн баг, олон улсын хамтарсан сургалт дадлагын жагсаалт баталлаа. Олон улсын хамтарсан сургалт, дадлагад шаардагдах техник, материал хэрэгсэл болон цэргийн албан хаагчдын гадаад томилолтод 17 тэрбум төгрөгийн зардал гаргахаар шийдвэрлэлээ.
-Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ерөнхий хэлэлцээрийн дагуу тус санд Монгол Улсын эзэлж буй 51.1 сая Зээлжих тусгай эрхийг 72.3 сая болгож нэмэхээр Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөлд тусгасан байна.
- Зүүн 3 аймгийн 12 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авах болон урамшууллын зардалд шаардагдах 5.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Шүлхийн голомтод өнөөдрийн байдлаар 665 өрхийн 2.2 сая малыг вакцинжуулаад байна. Өвчилсөн 3016 үхрийг устгажээ.
- Дорноговь аймгийн Сайншанд суманд байршилтай "Бизнес шанд" ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Дээрх компани архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгох санал ирүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ