Цээжиндээ арслантай ч энгэртэй арслангүй “Том” Сүхбат

“Том” Сүхбатыг бөх сонирхогчид 1990 онд 90 кг-ийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлжбайсныг тэр бүрий санадаггүй хэрнээ улсын арслан цолны төлөө бараг арван жил “дайтсан”-ыг нь андахгүй. “Том” энэ асуудал дээр олон удаа “жижиг” болж, бүр нулимсаа хүртэл унагаж үзсэн сэтгэлийн хөдөлгөөнтэй эр.

Нэгэн наадмаар үе тэнгийн луу жилтэн Д.Мөнх-Эрдэнэ түүнийг тавын даваанд амлаж билээ. “Том” ямар талбай дээр айна гэж мэдэх биш хүчтэй арсланг элдэж хөөсөөр нэгэн засуулын хөлд тээглүүлэн давсан юм.

Гэтэл “дэгээ тавьсан” засуул зөвдөж, давсан “Том” буруутаж таарлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан хөлд тээглэсэн гэж, харин “Том” давсан гэж барилдалгүй хэсэг дүргүйцсэний эцэст барилдалгүй талбайг орхисон юм. Ер нь “Том” адтай сайхан барилддаг хэрнээ азгүй муу нааддаг гэмтэй.

Гурван жил босоо дархалсан Б.Бат-Эрдэнэ аваргыг 70 жилийн түүхт ой баяр наадмаар этэж давчихаад арслан цолоо аваад алдсан удаатай. Гай таарч, түүнийг арслан цолны улаан үнэмлэхийг гардахаас хэдхэн сарын өмнө Бөхийн холбоо гээч байгуулагдаж, хамгийн харууштай үзүүштэй барилддаг бөхдөө тээг болох нэгэн дүрмийг баталчихаж.

Энэ нь “Түрүүлсэн бөхөд улсын арслан цол олгоно” гээд заачихсан Монголын үндэсний бөхийн холбооны анхны цоо шинэ дүрэм байв. Ер нь Бөхийн холбоо бөхчүүдэд цол олгосон байдлыг “гажуудал” хэмээн томьёолж хэд хэдэн бөхөөс цол “харамласан”-ы анхных нь “Том” Сүхбат. Нэгэн бөхийн зүтгэлтэн “Уг нь “Том”-д цол өгөхөөр Бөхийн холбооны тэргүүлэгчид ярилцаж үзсэн юм. Гэтэл “Том” өөрөө гөжүүдлээд, заавал авах ёстой юм шиг том үгс хаяад байсан тул хүмүүсийн дургүй хүрээд больсон” гэж ярьж байж билээ.

Үнэн худлыг бүү мэд. Гэхдээ үнэхээр тэгсэн бол Бөхийн холбоо өөрөө “гажуудал”-тай ажилладаг хэрэг.

Ингээд алган дээрээ арслангийн үнэмлэх гардаад алдсан “Том” Сүхбат угаасаа хүүхэд шиг зан дээрээ том гомдол тээж хоцорсон. Мөн ч олон хүн “Том” цолыг нь олгох хэрэгтэй гэж дэмжсэн ч Бөхийн холбоо дүрмийнхээ дагуу л гэсээр байлаа. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ гурав үзүүрлэхэд өнөөх хатуу бөхийн дүрэм “өөрөө нугараад” арслан цол олгочихсон.

Энэ нь дахиад л цолны яриаг үүсгэсэн юм. Гэлээ ч түүнд өдийг хүртэл цолыг нь олгоогүй. Харин “гарьд” гэх шинэ цолыг олгосон билээ. Тиймээс ч тэрүү “Том” цээжин дээрээ томоос том арслангийн дүр шивүүлжээ. Ёстой тайлбарлалтгүй зураг гэдэг шиг энэ дүрс түүний юу өгүүлэхийг хүсдэгийг нь өөрөө хэлээд өгдөг.

“Том”-ын зүрхэн тушаагаа шивүүлсэн томоос том ангайж буй арслангийн дүрс түүний хүртэж болох байсан цол, бас ахиулж болох байсан амжилтыг давхар сануулдаг.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ