Амилсан хүүр “Зомби”-ны тухай баримтууд

Жил бүрийн 10.08-ны энэ өдрийг “World Zombie Day” хэмээн нэрийдэж Нью Йорк, Лондон, Парис, Токио зэрэг дэлхийн 50 гаруй хотод өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг гэнэ.
Амилсан хүүр “Зомби” нь Гайтигаас гаралтай бөгөөд энд үхдэлийг “Зомби” болгон хувиргах ид шидийн “Voodoo” заншил одоо ч түгээмэл хэвээр байдаг гэлцдэг байна. Харин амилсан үхдэлийн дүрд хувирч зугаацах энтертайнмент жанрын “Зомби” баярыг тэмдэглэх уламжлал Хойд Америкаас эхтэй юм байна.
Амилсан үхдэлийг хэрхэн бий болсон тухай одоо ч маргаантай бөгөөд бодит амьдрал дээр байдаг эсэх нь ч эргэлзээтэй юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар цацраг идэвхит туяанд хордсон эсвэл ямар нэг вирусээр өвчилсөн хүн “Зомби” болох боломжтой бол Гайтигийн “Voodoo” шашины онолоор хараагдаж нас барсан хүн эргэн амилж “Зомби” болдог байна.
Хүн судлаач Вэйд Дэйвисийн үзэж байгаагаар зомби нь бодит амьдрал дээр байдаг нь үнэн гэнэ. Тэрээр амилсан үхдэл зомбины тухай судалж Гайтигаар багагүй аялж явсан нэгэн ба “Voodoo” заншлаар Гайтичууд “Зомби” бүтээдэг болохыг тогтоожээ. Тэд “Zombie Powder” гэж нэрлэдэг нунтгийг энэхүү үйлдэлдээ ашигладаг ба үүнийг загас, аалз, гүрвэл зэрэг амьтдын биеэс гаргаж авдаг байна.
Энэ тухайгаа тэрээр “Passage of Darkness”, “The Serpent and the Rainbow” цуврал номдоо дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байна. Түүний олж мэдсэнээр Гайтид 100 “Зомби” тутмын нэгийг “Voodoo” заншлаар бүтээдэг бол үлдсэн 99 нь байгалийн жамаараа “амилсан хүүр” болж хувирдаг гэнэ.
Зомбины тухай Гайтигаас гадна Европ, Ази, Хойд Америк, Өмнөд Африк зэрэг дэлхийн өнцөг буланд тархсан элдэв яриа, бодит явдлууд байх ч хэрэв энэ нь үнэн байгаад хэзээ нэгэн цагт “Зомби”-ны дайралт өрнөхөд хамгийн аюулгүй №1 дэх орноор Австралийг нэрлэсэн байдаг байна. Энэхүү судалгааг шинжлэх ухаан, танин мэдэхүйн “LiveScience” сэтгүүлээс эрхлэн явуулсан ажээ. Харин удаах байруудад Канад, АНУ, ОХУ, Казакстан, Болив, Норвеги, Финлянд, Аргентин ба Швед орсон гэнэ.
АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашигтоныг дэлхийн анхны “Зомби - Ерөнхийлөгч” гэх нь бий. Учир нь түүний шарилыг нас бараад удаагүй байхад нь Виллиам Торнтон гэх эмч дахин амилуулах талаарх саналыг гэр бүлд нь тавьж байжээ. Түүний шарилыг гэр бүлийнхэн нь хараахан хөдөөлүүлээгүй байсан ба гурав хоног мөстэй хоргонд хийн хадгалж байжээ. Архитектор, эмч Виллиамын хэлснээр тэрээр Вашингтоны уушгин тус газрыг нээж агаар оруулах бөгөөд хурганы цусыг юүлэх хэлбэрээр үргэлжлүүлэн түүнийг амилуулах болно гэсэн байна. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй нь илт ба энэ явдал 1799 оны хамгийн “сенсаци”-тай мэдээлэл болсон байна.
“Сонирхолтой - Бонус”
- Зомбитой холбоотой эртний домогт өгүүлснээр эдгээрийг хөнөөх цор ганц арга нь тархийг нь гэмтээх эсвэл толгойг нь таслах явдал ажээ. Орчин цагийн шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт зохиомол дүрээр танигдсан “Зомби”-ны тухай Гайтид нухацтайгаар авч үздэг төдийгүй тэднийг хүний тархиар хооллогч гэдгийг онцолсон байх ажээ.
- “Buzzfeed” сайтад нийтлэгдсэн “Зомби”-той холбоотой сонирхолтой баримтуудад “Зомби” нь “Cockney” гэдэг аялгаар ярьдаг тухай дурьджээ. Энэ нь Англи ба Шотландчуудын хэлэлцдэг аялга юм байна. Дэлгэцийн олонх бүтээлд тэднийг ярьж байгааг бараг л харж байгаагүй болохоор ийнхүү тэднийг ярьж чаддаг эсэхийг ч мэддэггүй билээ.
Гайтигийн болон дэлхийн түүхэнд томруунаар бичигддэг “Зомби” бол Клэйрвиус Нарсис гэх нэгэн бөгөөд 1922 оны орчим мэндэлсэн гэгддэг түүнийг дэлхий дээрх хамгийн алдартай “амьд үхдэл” гэлцдэг. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр мэдрэлийн маш хүчтэй хор болон хий юм хардаг өвчин тусгадаг эм хэрэглэж хордсоноор ийнхүү “Зомби” болж хувирсан гэлцдэг байна. Түүнийг харсан хэн ч “Зомби” гэж эндүүрэн айж зугтаадаг байсан байна.
Дэлхий дээр цөөнгүй өвчин хүнийг “Зомби” шиг харагдуулдаг ба үүний нэг нь “Yaws” гэх эмгэг юм. Энэ нь арьс ба ясны эд эсийг үхүүлж улмаар яг л амьд үхдэл бүхий төрхийг үзүүлдэг өвчин ажээ.
Харин Гайтигийн улс төрийн түүхэн дэх хамгийн аймшигтай удирдагчаар нэрлэгддэг хүн бол Гайтигийн удирдагч асан Франсуа Дувалиэр (1907 - 1971) бөгөөд тэрээр 28 жил улсын эрхийг барьж байжээ. Ингэхдээ тэрээр өөрийнхөө үзэл баримтлалыг эсэргүүцсэн 30.000 - 60.000 гэмгүй Гайтичуудыг хоморголон хөнөөж байсан ба “The Tonton Macoutes” гэх амилсан үхдэл буюу “Зомби”-ны армитай хүртэл байсан гэгддэг олныг сэрдхийлгэсэн нэгэн байжээ.
Өдгөө дэлхий дээр “Зомби”-той холбоотой маш олон дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болсон байдаг. Тэгвэл амилсан хүүр “Зомби”-ны тухай дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг Америкийн кино найруулагч, зохиолч Жорж Эй. Ромеро гаргаж байсан гэдэг. Түүнийг “Орчин цагийн Зомби судлалын эцэг” гэж нэрлэдэг ба тэрээр аймшгийн, зөгнөлт төрөл жанрын тоймгүй олон “Зомби”-той киног бүтээгч гэнэ.
Дэлхийн анхны “Зомби”-той киногоор “White Zombie” (1932) нэрлэдэг ба гол дүрийн жүжигчин Бела Лугоси нь энэхүү кинонд тоглосноороо $800 ам.долларын хөлс авч байжээ. Энэ нь тухайн үед хамгийн өндөр цалинтай жүжигчнээр нэрлэгдэж байсан гэдэг. Энэхүү киног “Зомби”-ны тухай анхны роман болох “The Magic Island” (1929) номноос сэдэвлэж бүтээж байсан байна. Зомбитой кино бүтээлээс хамгийн багадаа л гэхэд $5.74 тэрбум ам.долларын ашиг олдог гэнэ.
“Сонирхолтой - Бонус”
- Гайтигийн нэгэн домогт өгүүлснээр амилсан хүүрийг давсаар хооллох нь тэдэнд эрх чөлөөг нь олгодог гэж итгэдэг байна. Энэ нь тэднийг эргэж амилна гэсэн үг хараахан биш ба булшиндаа эргэж орохыг хэлж байгаа юм байна.
- Хүн төрөлхтнөөс гадна амьтад ч гэсэн “Зомби” болж хувирдаг тухай нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Энэ нь шоргоолжтой холбоотой ба Тайландын ширэнгэд ургадаг “Ophiocordyceps” гэж нэрлэдэг нэгэн зүйл мөөгөнцрийг идсэн амьтад аажим амьд үхдэл болж хувирдагийг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ