Бидний гарт ирсэн Булгаа охины амь

Хүний амьдралд өвчин гэдэг зовлон хэлж бус хийсч ирдэг болохоор шаналж, зовсон нэгэндээ халуун сэтгэлээр туслах нь та бидний сэтгэлийн гэгээн өглөг, ариун буяны үйл билээ. Түмэн олноосоо энэ л итгэл, горьдлогыг тээсээр Э.Эрдэнэбулганы ээж М.Нармандах гэх эмэгтэй дахин хэвлэл мэдээллээр дамжуулан ард түмэндээ хандлаа.
Э.Эрдэнэбулганы талаар өмнө нь олонтаа мэдээлж байсан ч та бүхэнд сануулахад, тэрээр 10 жилийн турш гуурсан хоолойн багтраа хүнд явцтай, даавар эмчилгээний улмаас үүссэн Кумшингоид хам шинж, Шөнийн амьсгал зогсох хам шинж гэсэн оноштойгоор өвчиндөө шаналж явна. Гармони эмчилгээний уршгаар таргалалтын 3-р зэрэг буюу 45кг-аас 125кг хүртэл жинтэй болжээ. Мөн өвчин нь даамжирч Амьсгалын дутагдал 3-р зэрэгтэй ба дотор эрхтнүүдэд нөлөөлж, цус нь өтгөрөн хэвтрийн байдалд орсон байна. Олон жилийн хүчтэй эм тарианы улмаас ясанд нь хүртэл өөрчлөлт өгч амархан гэмтэх нөхцөл бүрдсэн бөгөөд булчингийн сулралаас болж босч чадахгүй болжээ. Хамгийн гол нь өвчний шалтгаан нь тодорхойгүй юм байна.
Дөнгөж 23 настай түүнд олон байгууллагууд тусалж дэмжиж ирснийг ээж М.Нармандах цохон дурдаж байв. Мөн өнөөдөр “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас Э.Эрдэнэбулганд зориулан хандивын аян өрнүүлж эхэлсэн талаараа мэдээлсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд Shuud.mn-ий хамт олон болон мисс Н.Ану нар хамтран ажиллах аж.
Энэ талаар “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа ярихдаа “Бид Э.Эрдэнэбулганд зориулан хандив хүссэн захидлыг УИХ-ын 76 гишүүдэд хүргүүлсэн боловч хариу аваагүй л байна. Мөн СХД-ийн Засаг дарга н.Чинболдод хандах гэсэн боловч намайг харьяалалын бус иргэн гээд хүлээж авахаас татгалзсан. Гол нь “Эрүүл амьдрал” аяныхаа талаар танилцуулж, Э.Эрдэнэбулган охины талаар тусламж хүсч, хамтран ажиллах гэсэн юм. Бид зөвхөн Э.Эрдэнэбулганд зориулж “Эрүүл амьдрал” аяныг зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд “Эрүүл амьдрал” гэсэн торыг ээжийнхээ хамт оёсон бөгөөд дэлгүүрүүдээр борлуулах юм. Нэг бүрийн үнэ нь 3000-4000 төгрөг байх бөгөөд орлого нь шууд хандивын дансанд орно. Манай ТББ-д нэг ч төгрөг орохгүй, зөвхөн эмчилгээний зардал болох учиртай юм. Энэ ажил нь байгаль экологийн хувьд ч эерэг нөлөөтэй. Тиймээс та бүхэн бидний энэ аяныг дэмжин хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.
Э.Эрдэнэбулганы хувьд одоогоор гэртээ хэвтэж байгаа юм байна. Учир нь тэрээр нэг тасагтаа 3-аас дээш хүнтэй хамт байхаар амьсгал нь боогдож эхэлдэг аж. Тэгээд ч монголын эмнэлэг эмчилгээгүй гээд хүлээж авахгүй хэмээн М.Нармандах хэлж байсан юм. Түүний охин 10 жилийн турш дексаметцин гэдэг тариаг хийлгэж байгаа бөгөөд анх сард нэг хийлгэдэг байсан бол долоо хоногт нэг хийлгэдэг болж одоо өдөрт нэг дор наймыг тариулж байж гайгүй болдог болжээ. Ийм л учраас үхтэл үр харам гэгчээр энэ олон жилийн турш охиноо өвдсөнөөс хойш хаяад явсан эр нөхөргүй, өмч хөрөнгө гэх ч юмгүй болж, амин зуулгаа залгуулах ганц унаатайгаа айлын хашаанд толгой хоргодон амьдарч яваа эхийн энэрэл хайрыг зүйрлэхийн аргагүй.
Тэд мөн өнөөдрөөс эхлэн томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон бусад үйлчилгээний байгууллагуудад ХАНДИВЫН ХАЙРЦАГ байршуулах гэж байгаа гэнэ. Эхний саналаа Миний, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагуудад хүргүүлэх гэж байгаа бөгөөд дэлгүүр гэлтгүй тэдэнд туслахыг хүссэн хэн бүхэн Хандивын хайрцагийг байршуулах боломжтой гэдгийг дуулгасан юм. Э.Эрдэнэбулганы оношлогоо, эмчилгээнд 100 сая төгрөг хэрэгтэй юм байна. Манайд хэдийгээр эмчилгээгүй гэж байгаа ч Солонгос, Япон улсаас 100 хувь эмчлэгдэнэ гэсэн сайн мэдээг дуулсан тэд ийнхүү горьдлого тасрахгүй, өдрөөс өдөрт амьдрах итгэлээ алдан ядаж байгаа Э.Эрдэнэбулганд туслахаар ханцуй шамлан яваа нь энэ ажээ. Хэрэв төлбөрөө хийвэл Японд шинжилгээгээ хийлгээд цаашлаад тухайн эмнэлгийнхэн Жайка зэрэг олон улсын байгууллагуудад хандан туслах боломжтой гэсэн байна. Гэхдээ одоогоор тэд Чон нам их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хандаад байгаа ба онош тодруулах, дотор эрхтнүүдийн эмчилгээ зэрэгт 100 сая төгрөг шаардлагатай юм байна.
Элэг нэгт, халуун сэтгэлт монгол түмэн минь цөөхөн хэдэн монголчууд бид л нэгнээ гэхгүй бол өөр хэн биднийг гэх билээ. Нэг ч гэсэн иргэндээ амьдрал хайрлаж Э.Эрдэнэбулганд сэтгэлийн дэм хайрлан, аянд нэгдэхийг хүсч байна.
Хандивын данс: ХААН банк 5925096740
Төрийн банк 103700428903
Холбоо барих утас: 94793385
Э.Эрдэнэбулган охины талаар анх манай хамт олон сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өмнөх сурвалжлагыг дор толилуулъя.
Я.Хулан
Манай вэбсайтын сурвалжлах багийн жолоо хотын зах тийш чиглэв. Энэ удаа бид ямар нэгэн баяр ёслол, тэмцээн уралдаан, осол эндэл рүү явсангүй. Хэлж ирдэггүй аюулт өвчинд нэрвэгдсэн хэн нэгэн монголын үр сад элгэн түмнийхээ ивээл хайраар амьдралдаа эргэж ирээсэй хэмээн сэтгэл чилээн хөдөлсөн.
Аймшигт тарианы үр дагавар
... Э.Эрдэнэбулган 2009 онд Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотноо Хүрээ дээд сургуульд техникийн англи хэлний орчуулагч мэргэжлээр элсэн суралцжээ. Харамсалтай нь сургуулиа дүүргэж чадалгүй гуравдугаар курсээсээ өвчний улмаас чөлөө авав. Улмаар цэл залуухан хориодхон насны босго өнгөрч яваа насандаа охин өвчнөөсөө болж найз нөхдөөсөө ч холбоо таслаж, гэртээ ганцаараа маш их цаг хугацааг өвчиндөө шаналан өнгөрүүлэх болжээ.
Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг Э.Эрдэнэбулган арвантаван настайдаа багтраа өвчнөөр өвчилж оношлогдон, 2005 оноос эмч нарын зөвлөснөөр гуурсан хоолой өргөсгөдөг дексаметазон хэмээх дааврын тариаг хийлгэж эхэлсэн нь ийнхүү дөрвөн жилийн дараа хичээлдээ явж чадахгүй, цаашлаад амь насанд нь аюултай үр дагавар үзүүлжээ.
Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон дексаметазон хэмээх тариа нь их тунгаар хэтрүүлж хэрэглэвэл аюултай гэдгийг Булгаа охинд ямар ч эмч зөвлөсөнгүй.
Эхлээд сардаа ганц хийдэг байсан тариаг 14 хоногт нэг, долоо хоногт нэг хийж, одоо бүр өдөрт 4-5 удаа хийхгүй бол амь насанд нь аюул учрах аж.
2012 оноос өдөр бүр ханиалгаж, амьсгаа нь бачуурч биеийн байдал нь улам дордсон тул сургуулиасаа ч гарахад хүрсэн. Гэрээр эм, тариа хийлгэж эмнэлгээр тогтмол явж, хэвтэж эмчлүүлсэн хэдий ч өвчин нь улам бүр даамжирч сүүлийн гурван сарын хугацаанд давшингуй явцтай болжээ.
Тарианы нөлөөгөөр амьсгаадаж, ханиалган, зүрх дэлсэж, маш их хөлрөн хавагнаж, арьсан дээр цэврүү тууралт үүсэж, жин нь огцом нэмэгдсээр 45 килограмм жинтэй охин сүүлийн гурван сарын дотор огцом таргалж 105 килограммд хүрчээ.
Шинжилгээгээр бөөрний үрэвсэл, элэг, зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт ч нэмж илэрчээ. Эмчилгээний олон талын хүндрэлүүд ийнхүү бусад эрхтэнд ч нөлөөлж охины бие эрс муудаадбайна.
Хамгийн аюултай нь шөнөөр амьсгал зогсдог хам шинжтэй болсноор охин, ээжтэйгээ хамт унтаж амрахаа ч бараг больж. Мөн эмч нар түүний өвчин өнчин тархины үйл ажиллагааны алдагдал, эсхүл хавдраас болж ингэж хүндэрч байж болзошгүй хэмээн таамаглажээ. Харамсалтай нь манай улсад дааврын гаралтай өвчлөлийг үзэж оношлох лаборатори ч байхгүй.
Э.Эрдэнэбулганы ээж М.Нармандахт яваагүй эмнэлэг, уулзаагүй эмч ч байхгүй болж. Одоо Э.Эрдэнэбулган аюулт өвчинд нэрвэгдсэн биеэ ч дийлэх тэнхэлгүй болж сүүлийн нэг сар хэвтэрт ороод байна.
Одоо ганц л найдлага үлдэж. БНСУ-ын Chonnam National University Hospital хэмээх эмнэлэгт маш ховор төрлийн ийм өвчтэй хүмүүс эмчлэгдэж эдгэрснийг ээж, охин хоёр олж мэдээд олон түмнээсээ тусламж гуйхаар шийдэж. Тус эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж оношлуулахад 18-20 сая вон шаардлагатай аж. Тэнд л энэ тарианы гаж нөлөөнөөс үүссэн өвчнийхөө эцсийн оношийг тодруулж эмчилгээ хийлгэж болох юм. Онош тодорсны дараа хийлгэх эмчилгээтэйгээ нийлээд ойролцоогоор 100 сая төгрөг. Онош хэрхэн гарахаас шалтгаалан хийгдэх эмчилгээний төлбөр нааш цааш болох аж.
Э.Эрдэнэбулганы ээж М.Нармандах ингэж ярьсан юм.
Инээж баярлах, сурч боловсрох залуу насандаа охин минь хүнд өвчинд дийлдэж амьдрах хүслээ хором бүрт алдсаар л байна. Удаан хугацааны зовиур, шаналгаа, биеийн байдлаасаа болоод амьдрах хүсэлгүй байна, үхмээр байна гэж хэлдэг болсон. Охин минь “Ээж таныгаа олон ч жил зовоолоо, сайхан мэргэжил эзэмшиж сайн хүн болоод таныгаа өргөж явах хувьгүй байж охин нь. Одоо таныг ч ингэж зовоогоод яахав, энэ өвчнөөс салж эдгэрнэ гэдэг найдлага ч алга. Би ер нь үхсэн нь л дээр юм” гэж ярьдаг.
Багын үг дуу цөөтэй, даруухан томоотой болохоор өвчин зовлонгоосоо санаа нь зовж нийлдэг хэдэн найз нараасаа ч холбоо таслаж дотроо л шаналж хямарч байх шиг. Өдөртөө ганцаараа гэртээ үлддэг болохоор ихэнх цагтаа өрөөнөөсөө гаралгүй хэвтэж байгаа. Энэ ганцаардал ч охиныг минь улам дордуулж байна. Би дэргэд нь байж хань болоё гээд ажил хийж мөнгө олж эм тариаг нь авахгүй байлтай биш. Хамгийн хэцүү нь шөнөөр үе үе уушги нь ажиллахаа больж амьсгал нь зогсдог. Хэрвээ дексаметазон гэдэг тариаг таславал шууд үхэлд хүргэх учир охиныг минь ийм болгосон гэж мэдсээр хэрнээ өдөрт 4-5 удаа өөрийн гараар хийж байна.
Одоо эцсийн найдлага түмэн олон минь л болоод байна. Үхтэл үр харам гэж цэл залуухан охиноо яаж зүгээр алдах билээ. Сайхан сэтгэлт ард түмнээсээ охиныг минь эдгээж өгөөч ээ хэмээн зовлонд шаналсан эх би эцсийнхээ итгэл өвөрлөн гуйж байна.
Охины найдвар та бидэнд иржээ
М.Нармандах энэ лхагва гаригт MN25-ын хурлын танхимд хэвлэлүүдээр дамжуулан ард түмэндээ дээрх эцсийн итгэл өвөртөлсөн үгээ хэлэх юм. Охиныхоо төлөө эцсээ хүртэл амьдралтай тэмцэхээр шийдсэн М.Нармандах эгчийн замд эхнээсээ саад ч мундахгүй байгаа аж. Хандивын мессеж илгээдэг тусгай дугаар авахаар Мобиком, Юнителд хандсан гэнэ. Гэтэл Мобикомын тусгай дугаар олгодог “Монгол контент” ХХК “Зургадугаар сар хүртэл дараалал үүссэн, та зургадугаар сард захиалга өгөх юм уу” гэжээ. Үхэлтэй хором, мөч бүрт тэмцэлдэн яваа ээж охин хоёрт зуныг хүлээх цаг ч байхгүй. Юнителийнхэн ч мөн л иймэрхүү хариу хэлж.
Одоо Булгаа охин Солонгос улсыг зорьж өвчнөө оношлуулан, эмчлүүлж эдгэрнэ гэсэн найдлага тээж эхэлсэн. Түүний найдлага та бидний гарт байгаа аж.
Сурвалжилсан Н.Умард, Х.Төгөл /2014 оны 03-р сарын 03-нд/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ