Я.Оюунцэцэг агсантай усны дусал мэт адилхан Р.Анхням

Хэн нэгэн түүхэн уран бүтээлчийг эргэн сануулсан бүтээлд тухайн баатартай төстэй бөгөөд түүнийг чадварлагаар орлон тоглож чадах жүжигчнийг ялгахын аргагүй адилхан болтол нүүр хувирган тоглуулсан кино бишгүй л байдаг.
Тэгвэл богинохон амьдралдаа Монголын кино урлагийн шигтгээ болоод буцсан Я.Оюунцэцэгийн тухай энэ цаг үед кино бүтээл хийвэл түүний дүрд тоглох жүжигчин нь бэлэн байгаа аж.
Энэ тухай манай алдартай нэгэн найруулагч хуучилсан бөгөөд одоо урд хөршийн кино урлагт хүч үзэж байгаа жүжигчин Р.Анхнямыг нэрлэсэн юм.
Я.Оюунцэцэг бол Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн "Мартагдсан аялгуу" киноны ээж, И.Нямгаваа найруулагчийн "Гарын таван хуруу"-гийн эгч Сүрэн, Р.Доржпалам найруулагчийн "Говийн зэрэглээ" киноны Номингийн дүрээрээ үзэгч олны сэтгэлд шингэж үлдсэн авьяаслаг сайхан бүсгүй билээ. Түүний бүтээсэн цөөн хэдэн дүрүүд тайз дэлгэцийн урлагт дахин давтгдашгүй байсан бөгөөд ид хийж бүтээх 32-хон насандаа таалал төгссөн юм.
Тэрээр Багаяагийн зэрэг олон арван дүрээрээ олноо алдаршсан Л.Лувсан гуайн хүү, “Тан руу нүүж явна” киноны Дарьсүрэнгийн дүрээр сайн мэдэх Л.Нямсүрэн агсны гэргий байлаа. Түүний богинохон бөгөөд сонирхолтой амьдралаар кино хийвэл дээр дурдсанчлан жүжигчин Р.Анхнямаас өөр Я.Оюунцэцэгийн дүрийг бүтээх хүн үгүй бөгөөд нүүр хувиргах ч шаардлагагүй усны дусал мэт адилхан төрснийг доорх зургуудаас харж болно.
Дашрамд дурдахад Р.Анхням нь хамгийн сүүлд францын найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” хэмээх кинонд тоглоод байна.








Т.Эрдэм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ