Аав, ээжээс хүүдээ бичсэн захидал…

Хүү минь,

Нас өтлөж, тамир барагдахын цагт хүүдээ хэлэх хэдэн үг байна. Чамайгаа ойлгож хүлээж авна гэж бас найдаж байна.

Хөгшин болохоор хараа муудчих юмаа. Тавгаа алдаж хагалаад, ширээн дээр хоолоо асгачихвал, хүү минь, битгий уурлаарай даа. Тэвчээртэй хандахыг чамаасаа гуйя.

Хүн хөгшрөхөөрөө эмзэг сэтгэлтэй болдог юм шүү. Хүү минь чамайг уурлавал, хөгшин бид чинь гомдчихно шүү.

Чих хатуураад юу хэлж байгааг чинь заримдаа гүйцэд сонсохгүй юмаа. “Дүлий амьтан” гэж битгий л хэлээрэй дээ. Дахиад асуувал хэлээд, эсвэл бүр бичээд өгсөн ч болно шүү дээ.

Уучлаарай, хүү минь.

Аав , ээж нь хорвоогийн жамаар хөгширч байнаа.

Өвдөгөө ч тэнийлгэж чадахгүй болох юм. Босоход минь туслах болов уу л гэж чамдаа найдах юм. Хүү минь, яг чамайг анх хөлд оруулах гээд аав, ээж нь түшээд явдаг байсан шиг тийм л тусламж хэрэгтэй болох юм.

Зурагдсан пянз шиг нэг юмаа олон дахин хэллээ гэж бүү уурлаарай. Түрүүнд нь хэлсэнээ санахаа байжээ. Төвөгшөөлгүй, зүгээр л сонсоод өнгөрөөчих болов уу л гэж чамдаа найдах юм даа, хүү минь. Шоолж бүү элэглээрэй, бас юу хэлэхийг минь сонсохоос битгий залхаарай.Чи багадаа бөмбөлөг авахуулъя гэж гуйгаад, авч өгөхөөс нааш салахгүй шалдаг хүүхэд байж билээ.

Хүү минь, бас муухай, хөгшин хүний үнэр үнэртэж байвал битгий зэмлээрэй. Өдөр болгон усанд орох тэнхэл хүртэл барагддаг юм байна. Усанд байнга ор гэж битгий л шавдуулаарай. Чи багадаа усанд орох тун дургүй хүүхэд байж билээ. Усанд оруулах гээд би чамайг элддэг байсныг чи санаж байна уу, хүү минь? Бас хөгшин бие хүйтнийг тэсвэрлэхгүй болжээ. Жаахан даарчихвал л ханиад хүрчих гээд байх юм. Үрчийж хорчийсон хөгшин биенээс минь битгий л цэрвээрэй, үр минь.

Хуйсагнуур загналаа гэж битгий уурлаарай. Энэ бүхэн хөгширсний шинж бизээ. Хөгшин болохоороо чи ойлгох биз ээ.

Бас, хүү минь, болж өгвөл надтай өдөрт хэдхэн хором ч гэсэн ярилцаж байвал хичнээн сайхан байх бол? Өдөржингөө ганцаараа, ярих хүнгүй байна гэдэг, ээдээ мөн ч…

Хүү минь, чамайг завгүй их ажилтайг мэднээ. Их юм шаардаж байвал уучлаарай. Миний ярих, хүүрнэх зүйл чамд таалагдахгүй ч байсан, зүгээр л хажууд минь хэдхэн хором саатахад болноо. Хүү минь, чи бага байхдаа “Тэдди” байвгайн тухай үлгэрийг байн, байн ярьж өгөхөд аав, ээж нь чамайг анхааралтай сонсдог байсныг санаж байна уу?

Цаг хугацааны эрхээр аав, ээж нь орноосоо ч босох тэнхэлгүй болно.Тэр үед хүү чинийхээ бүрэн асрамжинд орно шүү дээ. Орондоо бие засчихаж ч магад. Хүү минь, чамаас минь их л тэсвэр тэвчээр шаардах байх даа гэж санаа зовох юм. Гэхдээ энэ бүхэн удахгүй гэдэгт найдья. Ингэж удаан амьд байхыг хэн ч хүсэхгүй ч, хэзээ энэ бүхэн төгсөхийг хувь тавилан л мэдэх байх даа.

Үхэл гэж юу байдгийг хэн ч тааж мэдэшгүй болохоор хүн болгон л айдаг юм. Үхэлтэй нүүр тулах яг тэр мөчид, хүү минь, хажууд минь байхыг л чамаасаа хичээнгүйлэн гуйя. Бас гарыг минь чанга атган зоригжуулж, нөгөө ертөнцөд үдэхийг чамаасаа хүсье.

Санаа зоволтгүй ээ, хүү минь, хүн болгон л төгсдөг. Харин биднийг бүтээсэн агуу их Бурхантай учирмагцаа ямархан сайн үр хүүхэдтэйгээ чихэнд нь би шивнэх болноо. Бас чамайгаа ивээж явахыг аминчлан гуйнаа. Яагаад гэвэл чи аав ээжээ ачилсан, хорвоогийн хамгийн сайн хүү шүү дээ. Сайхан ачилсанд чинь баярлалаа, хүү минь.

Бид чамдаа хайртай шүү, хүү минь.

Аав, ээж нь. ♥

Орчуулсан Ц. Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ