ГАНЦААРДАЛ БОЛ ЧИМЭЭГҮЙ ҮХЭЛ

Хүнд орчноосоо тасарсан, тусгаарлагдсан мэдрэмж төрөхөд зүрхний шигдээс болох, сэтгэлийн гүн хямралд автах, үхэлд хүргэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл ганцаардал бол чимээгүй үхэл ажээ. АНУ-ын эрдэмтэд ганцаардал нь таргалалтаас илүү эрүүл мэндэд хор учруулдаг болохыг анхааруулж байна. Тиймээс ялангуяа хөгшин настай хүмүүс амьдралын идэвхтэй байж, хуучин найз нөхөд, гадаад орчинтойгоо байнга харилцаж байхгүй бол ганцаардах мэдрэмж нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулж болохыг анхааруулсан байна.
“The Daily mail”-д мэдээлснээр Америкийн судлаачид сүүлийн 20 жилийн туршид 50 болон түүнээс дээш насныханы эрүүл мэндийг ажигласны үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргасан аж. Судалгаанд нийт 2000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцжээ. Судалгааны явцад эрдэмтэд тэтгэврийн насанд хүрсэн ганц бие хүмүүсийн дунд нийгмийн идэвхтэй үе тэнгийнхээ бодвол нас баралт хоёр дахин өндөр байгааг тогтоосон байна. Түүнээс гадна ганцаардаж тусгаарлагдсан, хэрэггүй болсон мэт мэдрэмж нь таргалалтаас хоёр дахин илүүтэйгээр зүрхний шигдээс, сэтгэлийн гүн хямрал, зүрх судасны өвчинд өртүүлдэг болох нь нотлогдсон байна.
Тиймээс эрдэмтэд дунд эргэм насны хүмүүст өтөл насаа нухацтай зөв төлөвлөж, амьдрахыг зөвлөж байна.”Хүмүүс хөгширч, тэтгэвэрт гарахаараа дуу чимээнээс хол, зөөлөн дулаан уур амьсгалтай газар амьдрахыг төсөөлөн боддог. Гэхдээ энэ нь тийм ч сайхан санаа биш. Ийм уур амьсгал нь үхэлд хүргэж мэднэ” хэмээн сэтгэл зүйн ухааны профессор Жон Кикаоппо ярьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ